Инновац, цахим бодлогын байнгын хорооны хурлаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Энэ үеэр төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлт болон Инноваци, цахим бодлогын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний төсвийн ерөнхийлөн захирагч нар буюу Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны болон Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын төсвийг нэг бүрчлэн танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав “2025 оны нэгдсэн төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлого 33.9 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.6 хувь, нийт зарлага 35.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 37.7 хувь, төсвийн суурь тэнцэл 1.9 их наяд төгрөгийн ашигтай, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.93 их наяд төгрөгийн буюу ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэх алдагдалтай байхаар төлөвлөсөн. Сайд нарын 2025 оны төсвийн төслийг 2024 оны тодотгосон төсөвтэй харьцуулахад Эдийн засаг, хөгжлийн сайдын багцын төсөвт төвлөрүүлэх орлогыг 0.1 тэрбум төгрөгөөр бууруулсан. Мөн нийт зарлага ба цэвэр зээлийн хэмжээг 2024 оны тодотгосон төсвөөс 170.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн нь Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын урсгал зардлын төсвийг 19.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 90.1 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтын төсвийг зургаан төсөл, арга хэмжээнд нийт 39.1 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, гурван төсөл, арга хэмжээнд 241.6 тэрбум төгрөгийг гадаад зээл тусламжаар санхүүжүүлэхээр, Эдийн засаг, хөгжлийн сайдын урсгал зардлын төсвийг 19.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 109.7 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтын төсвийг дөрвөн төсөл, арга хэмжээнд нийт 202.6 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, долоон төсөл, арга хэмжээнд 33.9 тэрбум төгрөгийг гадаад зээл тусламжаар санхүүжүүлэхээр тус тус төлөвлөсөн нь нөлөөлсөн” гэв.