Монгол, төвд, хятад судлаач Оливер Корфф, Үндсэн хууль судлаач, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор Ц.Саратуяа нар “Монгол Улсын Үндсэн хуулийн 100 жилийн товчоон” бүтээлээ уншигчдын хүртээл болголоо. Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн 100, Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Германы Ханнс-Зайделийн болон Конрад-Аденауерийн сангийн дэмжлэгтэйгээр эл бүтээлийг хэвлүүлсэн байна.

Судлаач Оливер Корфф “Энэхүү ном нь Монгол Улсын Үндсэн хуулийн түүхэнд оруулж буй үзэл санаа, оюуны хувь нэмэр бөгөөд 1924 оноос өнөөг хүртэлх Монгол Улсын Үндсэн хуулиудыг монгол, герман хэл дээр зэрэгцүүлэн хэвлэн нийтэлж, тусдаа боть болгон толилуулах болно” гэв. Уг номд Удо Д.Баркманны “Монголын эзэнт гүрний үндэс суурь болох Чингис хааны дэг жаяг”, “Чингис хааны улс төрийн өв, хаан ширээ залгамж, хууль ёсны байдал”, академич П.Очирбатын “Монголын Үндсэн хуулийн эрх зүйн хөгжлийн түүхэн замнал”, Дитрих Неллений “Монгол Улсад Үндсэн хууль хэрэгжиж эхэлсний 100 жил”, Х.Сэлэнгийн “Монгол Улсын төрт ёсны үнэт зүйл”, Ц.Сарантуяагийн “Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийг тогтоож, шүүхийн журмаар хамгаалах болсон нь”, Юргин Харбихын “Монгол Улсад захиргааны хэргийн шүүх эрх мэдлийг тогтоосон нь”, Ц.Цогтын “Монгол Улсын захиргааны хэргийн шүүх”, О.Машбатын “Парламентын ардчилал-үндэсний аюулгүй байдлын баталгаа” бүтээлийг эмхэтгэжээ.