1924 онд баталсан анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож буй. Үүнийг тохиолдуулан өнгөрсөн баасан гарагт “Монгол Улсын Үндсэн хуулийн 100 жилийн товчоон” бага хурал болж, манай Үндсэн хуулиуд цаг үеийн шаардлагаар хэрхэн хувьсан өөрчлөгдсөн талаар салбарынхан нь ярилцав. Монголд үйл ажиллагаа явуулж ирсэн Германы Фридрих-Эбертийн, Конрад-Аденаурын болон Ханнс-Зайделийн сангаас зохион байгуулсан эл хурлын үеэр “Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн тогтвортой байдал” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүн, хуульч Х.Тэмүүжин, Монголын хуульчдын холбооны Үндсэн хуулийн эрх зүйн хорооны тэргүүлэгч гишүүн В.Удвал, хуульч, судлаач Д.Үүрцайх, Үндсэн хуулийн хүрээлэнгийн захирал Х.Сэлэнгэ нар панелистаар оролцон, байр сууриа илэрхийлсэн юм. Хөтлөгчийн тавьсан асуултад тэд хэрхэн хариулсныг цувралаар хүргэж байна.

Монголын шинэ үеийн залуус Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг гурван удаа харлаа. Энэ нь арай олон биш үү?

Улстөрчид санаатайгаар Үндсэн хуульд дархлаа байх шаардлагагүй гэж хандаад байна уу

Х.Тэмүүжин (УИХ-ын гишүүн, хуульч): -Үндсэн хуулийн ямар зарчим, үзэл санааг тогтвортой байлгах вэ гэдэг нь чухал. 1992 оны Үндсэн хуульд өөрийг нь хамгаалсан заалт байхгүй. Тиймээс академик байдлаар буюу судлаачдын санаа бодлоор хамгаалах гэж нэлээд оролдож байна. Нөгөө талаас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль бий. Миний хувьд 1992 оны Үндсэн хуулийн дийлэнх зохицуулалтыг “шилжилтийн” гэж хардаг. Суурь шинжтэй заалтууд байгаа ч зарим талаар хэрэглэхэд учир дутагдалтай, либерал тайлбараар үзэл санааг нь өргөжүүлж ойлгуулж чадахгүй бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас өөр нөхцөлгүй болох жишээтэй. Тухайлбал, Шүүхийн сахилгын хороотой холбоотой маргаан хуульчдын дунд сүүлийн 10 гаруй жил өрнөсөн. Эцэст нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хүртэл Цэц хүчингүй болгосны дараа судлаачдын тайлбараар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь эмгэнэлтэй. Иймд Үндсэн хуульд ямар олон нэмэлт, өөрчлөлт оруулж байна вэ гэхээс илүүтэй агуулга, зарчмын хувьд юуг хамгаалж байна вэ гэдэг талаас нь салгаж, зааглаж харах ёстой.

Сүүлийн хоёр удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр савлаад, хийж хүчрэхгүй байгаа зүйл нь Үндсэн хуулийн дархлаатай холбоотой. Үндсэн хуульд өөрөө өөрийгөө хамгаалдаг дархлаа болсон заалт оруулж, засаглалын хэлбэр, тусгаар тогтнол, эрх мэдлийн хуваарилалтын тэнцэл, иргэний үндсэн эрх гэсэн тодорхой таван зүйлийг ямар ч тохиолдолд хөндөхгүй, халдахгүй байх санаачилгыг хоёр удаа гаргасан ч УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд элдэв тохироогоор алга болгосон. Үүнийг улстөрчдөд бүрэн ойлгуулж чадахгүй байна уу, эсвэл тэд санаатайгаар Үндсэн хуульд ийм дархлаа байх шаардлагагүй гэж хандаад байна уу. Хүмүүс үеийн үед эрх чөлөөг хүсэж ирсэн. Тэд эрх чөлөөний талаар эргэцүүлж, болох, болохгүйн тухайд хувийн дүгнэлтээ гаргаж, хэлэлцүүлээд, улмаар олон нийтийн дэмжлэг авбал суурь үнэт зүйлсдээ халдахгүйгээр Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж байвал тэр нь эрх чөлөөний нэг хэсэг юм.

Улстөрчдийн ашиг сонирхлоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулдаг юм биш биз

В.Удвал (Монголын хуульчдын холбооны Үндсэн хуулийн эрх зүйн хорооны тэргүүлэгч гишүүн): -Үндсэн хууль тогтвортой байх, эсэх нь шинжлэх ухааны суурь асуудал юм. Үүнийг улстөрчдийн нүдээр харж өөрчилдөг болчихлоо. Судлаачийн хувьд 1999 оноос хойш Үндсэн хуульд таван удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан гэж үздэг. Эдгээрийн аль алинд нь нэг л асуудал хөндөгддөг нь УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх, эсэхтэй холбоотой. Энэ нь шинжлэх ухаан талаас бус, улстөрчдийн ашиг сонирхлоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулдаг юм биш биз гэсэн хардлага төрүүлдэг. Цаашид хэн нэгний ашиг сонирхлоор ингэж өөрчлөөд байж болохгүй.

Үндсэн хуулийн дараагийн нэмэлт, өөрчлөлтийн талаар одоо ярьж эхлэх ёстой

Д.Үүрцайх (Хуульч, судлаач): -Б.Чимид багш “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” хэмээснийг бид эшлэх дуртай. Бид аз жаргалтай амьдрахад тогтвортой байдал хэрэгтэй. Иймд Үндсэн хууль тогтвортой байх ёстой ч алдаатай, буруу замаар явж болохгүй. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байж алдаагаа засах ёстой. Үүнийг хийх процесс нь өндөр шалгууртай байх шаардлагатай. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа улстөрчдийн дур зоргоос ангид байлгах учиртай. Үүний тулд Үндсэн хуулийн суурь, мөнхийн зарчмуудыг тусгаж байж дархлаатай ардчилал төлөвшинө. Бид үүнийг Үндсэн хуульдаа оруулаагүй. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай гэсэн ердийн хуулиар зохицуулж байна. Энэ хуулийг хэн ч, хэзээ ч өөрчилж магадгүй учраас дархлааны эрсдэл гэж хэлж болно.

Үндсэн хуульд 2023 онд хийсэн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын сонгуулийн тогтолцоог өөрчилж, парламентын гишүүдийн тоог нэмсэн нь Монголын ардчиллыг аварсан маш том дэвшил гэж хэлж болно. Үр дүн нь шинээр бүрдсэн УИХ-ын эхний хэлэлцүүлгүүдээс харагдаж байна. Засгийн газраас өргөн барьсан буруу хуулийн төслийг хэзээ буцаадаг байсан юм бэ. Гэхдээ нөгөө талд нь нэг эрсдэл бий. Парламентын ардчилал бол Ерөнхий сайдын, улс төрийн намуудын ардчилал байх ёстой. Өөрөөр хэлбэл, нэг толгойтой байхыг шаарддаг. Ингэж чадахгүй нөхцөлд УИХ-д хариуцлага тооцох боломж бүрддэггүй. Тиймээс УИХ-ыг тараадаг бодитой механизм шаардлагатай. Энэ мэтээр төрийн эрх мэдлийн хуваарилалтыг зөв болгохгүй бол ирэх 30 жилд дахин хий эргэж, алдана.

Мөн 2023 оны өөрчлөхдөө дутуудуулсан. Үндсэн хуулийн цэцийн хараат бус байдлыг хангах, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг тодорхой болгох гэх мэт асуудлыг орхигдуулсан. Тиймээс дараагийн нэмэлт, өөрчлөлтийн талаар одоо ярьж эхлэх ёстой. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийг олон удаа өөрчилж байна уу гэхээс илүүтэй зөв, зайлшгүй тохиолдолд хөндөж байна уу гэдэг талаас нь харж, хянах хэрэгтэй.

Манайх шиг Засгийн газрын танхимаа 100 хувь парламентын гишүүдээс бүрдүүлсэн тохиолдол дэлхийд алга

Х.Сэлэнгэ (Үндсэн хуулийн хүрээлэнгийн захирал): -1992 оны Үндсэн хуулийг “шилжилтийн” гэж тодорхойлсонтой санал нийлэхгүй байна. Уг хуулиар Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн суурь тогтолцоог бий болгож, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон. Харин Б.Чимид багш маань “Өөрчлөгдөхгүй хууль гэж үгүй. Гэхдээ Үндсэн хууль суурь нь учраас байнга өөрчлөөд байдаг зүйл биш” хэмээсэн. “Алганд багтсан Монгол Улс” гэсэнчлэн өөрийн гэсэн үнэ цэнтэй байх учиртай. Өөрчлөхөөсөө өмнө үзэл баримтлалыг нь зөв ойлгож, шаардлагатай бол нэмэлт, өөрчлөлт хийх хэрэгтэй. Үүнийг ойлгохгүйгээр ойр ойрхон өөрчлөөд байгаа нь буруу. Жишээ нь, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болох, эсэхийг заавал Үндсэн хуулиар тодорхой заах албатай юу. Үндсэн хуулийн нэг гол элемэнт нь эрх мэдлийг хуваарилах зарчим юм. Үүний үндсэн дээр, төрийн бодлогын хүрээнд УИХ болон Засгийн газрын хяналтыг зохистой түвшинд байлгах үүднээс харвал парламентын гишүүн сайдыг албыг давхар хаших нь тийм ч тохиромжтой биш. Дэлхийд манайх шиг Засгийн газрын танхимаа бараг 100 хувь парламентын гишүүдээс бүрдүүлсэн тохиолдол алга. “Үндсэн хуулийн үзэл баримтлал гэдэг нь уг хуулийг зөв ойлгож хэрэглэх түлхүүр нь юм” гэсэн Б.Чимид багшийн үгийг улстөрчид анхаарах ёстой гэв.

Үргэлжлэл бий.