Ардчилсан намыг дэмжигч хөрөнгө мөнгөтэй америкчууд, тэр дундаа Трампыг ялсанд дургүйцсэн Холливудын одод Америкаас дүрвэж, Трампыг Цагаан ордны тэргүүн байх хугацаанд хилийн чанадад амьдрахыг хүсэж байгаа гэнэ. Баячуудад үйлчилдэг Arton Capital хэмээх нэр хүндтэй нэгэн зөвлөх үйлчилгээний компани гэхэд л сонгуулиас хойших 24 цагийн хугацаанд ердийн үеийнхээс тав дахин олон хүсэлт хүлээж авсан байна. Зөвлөгөө авахаар хандсан чинээлэг үйлчлүүлэгчдийнх нь дийлэнх Их Британи, Австрали, Шинэ Зеланд зэрэг англи хэлт орнуудаас гадна Испани, Португалыг хамгийн ихээр сонирхжээ.
Сонгуулиас өмнө Шер, Шэрон Стоун, Барбра Стрейзанд нарын алдартнууд хэрэв Трамп ахин сонгогдвол өөр улсад амьдарна хэмээн ярьж байсан юм. Сонгуулийн өмнөх нэгэн санал асуулгаар Америкийн саятнуудын 18 хувь нь хилийн чанадад амьдрах хүсэлтэй гэсэн дүн гарч байв.