Дональд Трамп “Нэгдсэн Улсын Зэвсэгт хүчин хэрэв шаардлагатай гэвэл сонгуулийн өдөр дотоодын дайснуудтай тэмцэх хэрэгтэй” гэсэн нь олон нийтийн, тэр дундаа Америкийн Ардчилсан намын хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байна. Ирэх сарын 5-ны өдөр болох Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулиар Трамп ахин сонгогдвол Цагаан ордон дарангуй засгийн үүр уурхай болно гэсэн суртал ухуулгыг Ардчилсан намынхан идэвхтэй явуулж байгаа бөгөөд дээрх үг баталгаа нь боллоо гэж Трампыг эсэргүүцэгчид үзэж байгаа аж. Трамп Калифорниос сонгогдсон Конгрессийн гишүүн Адам Шиффийн тухай ярьж байхдаа сонгуулийн өдөр хүч хэрэглэх тухай ам алджээ. Шифф Трампыг төрийн тэргүүн байхдаа үүрэг хариуцлага алдсан хэмээн шүүсэн эхний шүүх хурлыг даргалсан ахлах прокурор байсан юм.
Урьдчилсан санал асуулгаар Трамп, Харрис хоёрын рейтинг ойролцоо байгаа ч Трамп хамгийн чухал гэгдэх мужуудад дэмжигч олонтой байна.