Дональд Трампын Цагаан ордонд эргэн ирсэн явдал Америкийн гадаад бодлогыг одоогийнхоос нь эрс өөрчилж, дэлхийн олон хэсэгт өдгөө нэгэн зэрэг өрнөж байгаа олон ч дайн самуун, зөрчил тэмцэл чухам хаашаа эргэхийг шийдэж мэдэхээр байна. Кампанит ажлынхаа үеэр Трамп голдуу ерөнхий асуудлууд хөндөж, ээдрээтэй нарийн юм уу дэлгэрэнгүй сэдвээр байр сууриа илэрхийлэхээс зайлсхийж ирсэн нь өөрийнх нь тодорхойлсноор “Нэн тэргүүнд Америк орон” гэх бодлогынх нь “хөндлөнгөөс эс оролцох”, “худалдааны сүлжээгээ хамгаалах” зарчимтай нь холбоотой гэгдэж байв. Харин түүний цаашид хэрхэхийг өмнөх засаглалынх нь үе буюу 2017-2021 оны хооронд ямархуу бодлого хэрэгжүүлж байснаас нь эргэн харж, тандаж, таамаглаж болох юм.
ОХУ, Украин, НАТО
Кампанит ажлынхаа үеэр Трамп Орос-Украины хямралыг “ганц өдрийн дотор” эцэслэж чадна гэж удаа дараа мэдэгдсэн. Харин “Яаж?” гэсэн сэтгүүлчдийн асуултад “Тохироо хийнэ” гэж хариулсан ч чухам юу хийхээ дэлгэрэнгүй танилцуулсан удаагүй. Өмнө нь Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байсан хоёр мэргэжилтний өнгөрсөн тавдугаар сард гаргасан нэгэн судалгаанд Америк улс Украинд зэр зэвсэг нийлүүлсэн хэвээр байх ч зөвхөн Киевийн албаныхныг Оросын талтай хэлэлцээрийн ширээний ард суусан тохиолдолд л тусламжаа үргэлжлүүлнэ гэсэн болзол тавих тухай онцолсон байлаа.
Харин Ардчилсан намынхан Трампыг хэзээнээсээ Путинд зөөлөн ханддаг, энэ хэт нөхөрсөг байдал нь Украиныг Оросын талд алдахад хүргэнэ, улмаар бүх Европыг аюулд оруулна гэж шүүмжилдэг юм. Трамп хариуд нь дайныг дуусгавар болгож, Америкийн эд баялаг зэр зэвсэг болон гадагш урсахыг зогсоох нь л одоогоор хамгаас чухал байна гэж амыг нь тагладаг. Дээрх мэргэжилтнүүдийн үг Трампын өөрийнх нь үзэл бодлыг илтгэж байгаа үгүйг мэдэх аргагүй ч түүний багт ямархуу байр суурьтай хүмүүс зөвлөхөөр ажиллахыг эндээс харж болно.
“Нэн тэргүүнд Америк орон” бодлого цаашдаа “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” гэсэн зарчимтай транс Атлантын цэргийн эвслийн стратегитай харшилдаж мэдэхээр байна.
НАТО өдгөө 32 гишүүн улстай бөгөөд Трамп Европын олон орныг Америкийн Зэвсэгт хүчний хамгаалалтад дөрөөлөн үнэгүй шахам ашиг хүртдэг хэмээн үзэж, тус эвсэлд таагүй хандаж ирсэн юм. Гэхдээ 75 жилийн түүхтэй Умард Атлантын цэргийн эвслээс Америкийг гаргаж, цочир гэнэтийн шийдвэр гаргах үгүй нь одоогоор тодорхойгүй байна. Трампын зарим холбоотон түүний хатуу ширүүн үг, сүржин мэдэгдлийг ердөө НАТО-гийн гишүүдийг хэлэлцээрийн ширээний ард суулгаж, батлан хамгаалахын салбарт зарцуулах хөрөнгө мөнгийг нь танах гэсэн арга гэх нь бий. Гэсэн ч бодит байдал дээр НАТО-гийн гишүүн орнуудын эрх баригчдын дийлэнх нь Трампад итгэдэггүй тул эвслийнх нь ирээдүй хойшдоо хэрхэх бол гэдэгт ихэд болгоомжилж байна.
Ойрх Дорнод
Украины дайныг эцэслэж чадна гэж ам гарсантайгаа адилаар Трамп Ойрх Дорнодод ч мөн энхтайвныг тогтооно гэж амласан. Гэхдээ Газын зурвас дахь Израиль-“Хамас”-ын дайныг, Ливан дахь Израиль-“Хезболла”-гийн дайныг дуусгавар болгоход ямар үүрэг, оролцоотой байхаа мөн л өдийг хүртэл олонд дэлгээгүй. Байдений оронд хэрэв өөрөө Ерөнхийлөгч байсан бол “Хамас”-ыг Израильд халдлага үйлдүүлэхээргүй байсан, учир нь тус бүлэглэлийн гол санхүүжүүлэгч болох Иран улсад аль эртнээс дарамт шахалт үзүүлэх байсан гэж Трамп хэд хэдэн удаа хэлж байв. Энэ мэт мэдэгдэлд нь үндэслэн таамаглал дэвшүүлбээс Трамп энэ удаагийн бүрэн эрхийн хугацаандаа Ираны эсрэг илүү хатуу бодлого баримтлах болов уу. Өмнө нь Цагаан ордны тэргүүн байхдаа тэрээр Америкийг Ираны цөмийн хөтөлбөрийн яриа хэлэлцээрээс гаргаж, Ираны эсрэг бүр ч чанга хатуу хориг арга хэмжээ авч, Зэвсэгт хүчнийх нь хамгийн нэр нөлөөтэй командлагч генерал Касем Солейманийг нь хөнөөж байсан билээ.
Израильтай харилцахдаа ч Трамп нэлээд шийдэмгий байхыг чухалж ирсэн. Тэрээр өмнөх засаглалынхаа үеэр Иерусалимыг тус улсын албан ёсны нийслэлээр зарлаж, Америкийн Элчин сайдын яамыг Тель-Авиваас Иерусалим руу нүүлгэж байв. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нэтаньяху Трампыг “Цагаан ордонд урьж хожид байгаагүй Израилийн хамгийн сайн анд” гэж хүртэл онцолсон нь бий. Гэвч Трампын бодлого Ойрх Дорнодод тогтворгүй байдал л бий болгоно гэх ажиглагч, шинжээчид олон байдаг.
Палелестинчууд л гэхэд Иерусалимыг Израильд өгснийх нь төлөө Трампын засаг захиргааг өмнө нь эсэргүүцэж байсан тул одоо ч мөн сайн хандахгүй нь тодорхой. Израилийг исламын шашинтай болон Арабын хэд хэдэн оронтой дипломат харилцаа тогтоох болон бэхжүүлэхэд туслах “Авраамын хэлцэл” гэх яриа хэлэлцээрт зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн нь ч Трамп. Үүнийгээ тэрээр ирээдүйд Палестиний тусгаар улс байгуулагдах магадлалыг Израилийн талд болзол болгон тавих ч үгүйгээр хийсэн юм. Арабын зарим орон ч ялгаагүй өмнө нь хоёр улсын шийдэл л ярьдаг байсан бол дээрх хэлцлээр байр сууриа өөрчилсөн байдаг. Түүнийгээ хариуд, Израилийг хүлээн зөвшөөрснийхөө шанд Америкийн дэвшилт зэр зэвсгээс хүртэнэ гэж тохиролцсон нь ч бий. Тиймээс Трамп сөргөлдөгч талуудын хэн хэнийг, тэр дундаа Нэтаньяхуд дарамт шахалт үзүүлэх бүрэн эрхтэй гэсэн үг.
Трамп мөн “Хамас”-ийг дэмждэг Арабын гол хэдэн орны эрх баригчидтай боломжийн харилцаатай гэгддэг. Харин Израилийг дэмжихийн хажуугаар энэ харилцаагаа хэрхэн авч үлдэх нь одоохондоо тодорхойгүй байна.
Трампын холбоотнууд энэ тодорхойгүй, барьцгүй байдлыг нь дипломат харилцаанд давуу тал болно гэдэг ч Ойрх Дорнод шиг дарьтай торх шиг бүс нутагт байнгын ийм хандлагатай байх нь яавч сайн зүйлд хүргэхгүй. Трамп өдгөө нэн тэргүүнд өмнөх Ерөнхийлөгч Байдений эхлүүлсэн Газын зурваст гал зогсоох дипломат яриа хэлэлцээг цаашид үргэлжүүлэх үгүйгээ шийдэх хэрэгтэй болно вий.
Хятад ба худалдааны бодлого
Америкийн Хятадтай хэрхэн харилцах нь гадаад бодлогынх нь хамгийн чухал стратеги байж ирсэн. Энэ нь бүх дэлхийн аюулгүй байдал, худалдаанд нь ч нөлөөлөх тул өөр аль ч хоёр орны харилцаатай харьцуулахааргүй хамгийн чухал харилцаа ч гэгдэх нь бий. Өмнөх засаглалынхаа үеэр Трамп Хятадыг стратегийн өрсөлдөгч хэмээж, Хятадын зарим бараа бүтээгдэхүүнд онцгой тариф ногдуулж байв. Энэ нь хоёр орны дунд худалдааны харилцан тарифын нэмэгдэлд суурилсан эдийн засгийн сөргөлдөөн үүсэхэд хүргэсэн бөгөөд зөрчлийг арилгах гэсэн хэд хэдэн оролдлого нь коронавирусийн дэгдэлт, цар тахлаас болж бараг үндсээрээ тасалдсан юм. Трамп коронавирусийг “хятад вирус” хэмээсэн нь хоёр орны харилцааг бүр ч таагүй уур амьсгалтай болгосон билээ.
Хэдийгээр Байдений засаглал өнгөн дээрээ Хятадын талаарх бодлогоо илүү хариуцлагатай болгохыг хичээсэн гэх ч бодит байдал дээр Трампын үеийн олон ч тарифыг яг хэвээр нь үлдээсэн байдаг. Худалдааны бодлого нь дотоодын ажлын байрны асуудалтай нягт холбоотой тул америк сонгогчдын байр суурьд хэдийнээсээ нөлөөлж ирсэн. Тиймээс эрс өөрчлөлт хийх нь, аль нэг талыг илэрхий баримтлах нь хаа хаанаа амаргүй юм.
Трамп Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпинийг өмнө нь “гайхалтай ухаантай”, “аюултай” гэж тодорхойлсны дээр “1.4 тэрбум хүнийг маш үр дүнтэй удирдаж байгаа” хэмээн үнэлсэн удаатай. Үүнийг нь Трампыг эсэргүүцэгчид “дарангуйлагчдад элэгтэй ханддагийнх нь нэгээхэн илрэл” гэж үзэж байв. Харин энэ удаагийн бүрэн эрхийн хугацаандаа Трамп Хятадаас болгоомжлох үүднээс бүс нутгийнх нь бусад улстай стратегийн түншлэл тогтоохыг илүүд үзэж байсан Байдений засаглалын бодлогоос зайгаа барьж, Хятадад илүү дарамт шахалт үзүүлэх арга барилыг сонгох болов уу гэж ажиглагчид таамаглаж байна. Трамп өнгөрсөн сард хэрэв Цагаан ордонд ахин суух болбол Хятад-Тайванийн асуудалд америкчууд хөндлөнгөөс оролцох шаардлагагүй, учир нь Хятадын Ерөнхийлөгч өөрийг нь “галзуу” гэдгийг мэдэх тул Тайванийн аралд болон ойр орчимд нь ямар нэг байдлаар цэргийн ажиллагаа явуулж гэмээнэ Америк хариуд нь импортын бараанд нь илүү өндөр тариф тогтоох зэргээр хатуу арга хэмжээ авахыг сайтар ойлгож байгаа хэмээн ярьсан юм.