УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар ирэх оны улсын төсвийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Уг төслийн талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг тус зөвлөлийн дарга Н.Энхбаяр танилцуулсан юм. Үүнд
төсвийн орлого төлөвлөлтийн талаар:
-Төсвийн орлогыг эдийн засгийн мөчлөг дагуулан өндрөөр төлөвлөж байна.
Төсвийн зарлага төлөвлөлтийн талаар:
-Эдийн засаг дахь төрийн оролцоо өндөр байна.
-Төсвийн ерөнхийлөн захирагч нарын хариуцлагыг нэмэгдүүлэx шаардлагатай байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын талаар:
-Хөрөнгө оруулалтын бодлого нь макро эдийн засаг, нийгмийн тэргүүлэх зорилгод чиглэсэн байна.
-Хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх шаардлага байна.
-Хөрөнгө оруулалтын төслийг сонгох, эрэмбэлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай.
-Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн оновчтой хувилбарыг тодорхойлох шаардлагатай.
Засгийн газрын нийт өр, төлбөрийн талаар:
-Засгийн газрын өрийн үлдэгдэл жил ирэх тусам нэмэгдэж байна гэж тус тус дурдсан байлаа.
Өнгөрсөн жилүүдэд олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлын талаар гаргаж ирсэн удаа дараагийн тайланд тусгагдсан дүгнэлт, зөвлөмжүүдтэй Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлт нийцэж байгаа аж. Дэлхийн банкнаас 2018 онд гаргасан Эдийн засгийн тоймд “Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь ил тод байдлыг нэмэгдүүлж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжиж, төсвийн үйл ажиллагааны талаар эрүүл зөвлөмжийг гаргадаг” гэж дүгнэсэн хэмээн Н.Энхбаяр дарга онцолж байлаа.