АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль хэдхэн өдрийн дараа буюу арваннэгдүгээр сарын 5-ны өдөр болно. Энэ удаагийн Цагаан ордны тэргүүнийг сонсох сонгууль анхандаа 2020 оны сонгуулийн үргэлжлэл буюу нэг нэр дэвшигчийн даагаа нэхэх, нөгөө нэр дэвшигчийн байр сууриа бататгах тойргийн тоглолт байсан бол өнгөрсөн долдугаар сард Ерөнхийлөгч Жо Байден сунгаанаас нэрээ татсанаар Дэд Ерөнхийлөгч Камала Харрисын Ерөнхийлөгч асан Дональд Трамптай өрсөлдөх шинэхэн тэмцэл болон хувирсан билээ. Америкчууд одоо анхны эмэгтэй Ерөнхийлөгчтэй болох уу, Трампын хоёр дахь засаглалыг үзэх үү гэсэн сонголтын өмнө тулж ирээд байна.
Урьдчилсан санал асуулгуудын дүн мэдээгээр Камала Харрис улсын хэмжээнд өрсөлдөгчөөсөө ганц хоёрхон хувийн саналаар илүүрхэж байгаа бол хэзээнээсээ Ардчилсан нам, Бүгд найрамдах намын дэмжигчид нь эн тэнцүү байж ирсэн “свинг” буюу савлагаатай гэгдэх долоон мужид хоёр нэр дэвшигчийн хэн нь ч илүү санал авч мэдэхээр байна. Санал өгөх эрхтэй нийт америкчуудын тоо хэдий 240 сая давах ч тэдгээр долоон муж буюу Аризона, Жоржия, Мичиган, Невада, Хойд Каролин, Пенсильвани, Висконсины хэдхэн зуугаар тоологдох цөөн хэдэн сонсогч л сонгуулийн үр дүнг, цаашлаад сая сая хүн, олон улсын хувь заяаг шийднэ гэдгийг ажиглагчид онцолсоор байгаа юм.
Харрис, Трамп хоёрын хэн хэн нь өчигдөрхөн “свинг” мужийн нэг болох Висконсинд томоохон цуглаан зохион байгуулжээ. Харрис иргэдэд амьжиргааны өртөг жилээс жилд нэмэгдсээр байгаатай өдөр бүр тэмцэнэ, үнийн хөөрөгдлийг буулгана гэж амласан бол Трамп хог ачигчийн хантаазтай тайзан дээр гарч ирж, Байден Ерөнхийлөгчийн өөрийнх нь дэмжигчдийг “хог шаар” хэмээсэн үгэнд хариу барьсан байна. Харин Жо Байден үгийг нь гуйвууллаа, ард иргэдийг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаагүй гэжээ. Байден латино гаралтай иргэдтэй Zoom-ээр видео уулзалт хийхдээ “Хөвж байгаа ганц хог гэвэл Трампын дэмжигчид л байна” гэж ам алдсан юм. Тэрээр Трампыг дэмжигчдийн уулзалтан дээр Тони Хинчклифф хэмээх комедиан Пуэрто-Риког “хөвдөг хог хаягдлан арал” гэсэн нь олны дургүйцлийг хүргэсэн явдалд хариу барьсан нь энэ байж. Гэсэн ч Трампын дэмжигчдийг “хог” гэсэнд Харрис Байдений өмнөөс уучлалт гуйгаад байна.