Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн мэдээллийн нэгдсэн сан (www.e-election.mn)-ийн мэдээллийг судалгааны эргэлтэд оруулах, сонгогчдод сонгуулийн боловсрол олгох чиглэлээр “Легал дата” компанитай хамтран ажиллахаар боллоо. Энэ хүрээнд Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, “Легал дата” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Баттулга нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд сонгуулийн хууль тогтоомж, эрх зүйн баримт бичиг, судалгааны бүтээл, ном, товхимол, сэтгүүл болон лекц, хурал, хэлэлцүүлгийн видео бичлэгийг нийтэд мэдээлэх, тайлбарлан таниулах, сурталчлах зорилгоор https://legaldata.mn/ цахим санд “Сонгуулийн эрх зүй” цэс нээж, дээрх мэдээллийг байршуулах юм. Сонгуулийн эрх зүй, сонгуулийн процессын эрх зүйг хөгжүүлэх зорилгоор сонгуулийн мэдээллийн нэгдсэн сан (www.e-election.mn)-д төвлөрсөн мэдээ, мэдээллийг https://legaldata.mn/ цахим сангийн “Сонгуулийн эрх зүй” цэсэд нээлттэй байршуулахаар болов.
Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хороо, “Легал дата” ХХК хамтран эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах юм. Харилцан туршлага солилцох, “Legaltalks” подкастаар олон нийтэд мэдээлэл өгөх зэргээр хамтран ажиллах юм.
“Легал дата” ХХК нь хууль эрх зүйн бүтээлүүдийг судалгааны эргэлтэнд оруулах зорилгоор олон талт мэдээ мэдээлэл, судалгаа, хайлтын нэгдсэн систем, дата анализ, цахим худалдаа, сургалт зэргээр төрөлжсөн https://legaldata.mn/ цахим санг хөгжүүлдэг.