Хойд Солонгосын тал Өмнөд Солонгосын Агаарын хүчнийг Пёньян хотын дээгүүр байлдааны онгоц нисгэсэн гэж мэдэгдсэнийхээ дараахан хариу үйлдэл болгож, хоёр орны дунд байрлах хэд хэдэн засмал зам, мөн хуучны төмөр замыг хэсэгчлэн дэлбэлсэн байна. Тэдгээрийн дийлэнх нь ашиглагдахаа байсан хэдий ч, энэ нь хэдийгээр бэлгэдлийн шинжтэй дайсагнал боловч Сөүлийн тал уг үйлдлийг нь өдөөн хатгалга гэж үзжээ. Умардын дээрх үйлдлийн хариуд Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчин хилийн орчимд анхааруулгын дуут дохио хангинуулж, хилийн зэвсэгт мөргөлдөөний бэлэн байдалд шилжсэн хэмээн албаныхан мэдээлсэн байна.

Дээрх замуудыг 2000-аад оны үед хоёр орны харилцаа харьцангуй найрсаг байхад барьсан аж. Харин хожмоо Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр болон бусад олон асуудлаас болж харилцаа эргээд муудахад ашиглахаа байжээ. Энэ нь Хойд Солонгосын тал өмнөд хөршийнхөө хилийн ойролцоо ашиглахаа байсан юм уу, хуучирсан барилга байшин, дэд бүтцийг дэлбэлж сүйдэлсэн анхны тохиолдол биш юм. 2020 онд Хойд Солонгосын арми хоёр орны хил дээрх эзэнгүй албан байгууллагын барилгыг, 2018 онд хилийн ойролцоох хэд хэдэн хонгилыг дэлбэлж байв. Энэ мэт бүтээн байгуулалтыг ихэнхдээ Өмнөд Солонгосын мөнгөөр хийдэг тул ийм үйлдэл нь давхар давхар эсэргүүцэл, дайсагналын шинжтэй байдаг аж.