Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг улс орон даяар тэмдэглэх хүрээнд “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалтыг  Улсын Их Хурлын Тамгын газар, Ханнс-Зайделийн сан хамтран зохион байгуулж байна.

Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, эдгээр хуулийн үзэл баримтлал, онцлог зохицуулалт болон парламентаас хянан шалгах бүрэн эрхээ үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох байгууллагын албан тушаалтнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан санал солилцох, үр дүнд суурилан хяналтыг боловсронгуй болгох, сайжруулах зорилготой уг чуулга уулзалт нь өнөөдөр Шангри-лагийн “Их танхим”-д болж байна.

Чуулга уулзалтаар “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө”-ний талаарх танилцуулгыг хийж, “Улсын Их Хурлын хяналтын тогтолцоо ба эрх зүйн зохицуулалт”, “Парламентын хяналтын эрх мэдэл - хүний эрхийн хяналт”, “Олон нийтийн хяналт ба сонгодог парламентын тогтолцоо”, “Парламентын хяналтын тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэх боломж шийдэл” сэдэвт илтгэлийг тавьж, хэлэлцүүлж байна.

Чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд болон Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд, олон улсын байгууллагын төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагын удирдлага, эрдэмтэн судлаачид оролцож байгаа юм.

Энэ удаагийн чуулга, уулзалт нь  парламентын хяналтын өнөөгийн нөхцөл байдал, хяналтыг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, түүний шийдвэрлэх арга зам, үр дүнтэй хэрэгжүүлэх механизм болон парламентын хяналтад оролцогч талуудын оролцоог тодорхойлох, оролцогчдын санал, дүгнэлтийг тусгах, цаашид парламентын хяналтын дунд, урт хугацааны бодлогыг тодорхой болгоход чиглэгдэж байна.