Н.Мягмардорж

Багшлах эрхийн гэрчилгээ олгох, гэрээт багшийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл хийлээ. Тэрээр “Гэрээт багшаар багшийн хомсдол дутагдлийг багасгах зорилготой. Өнөөдөр 4200 орчим багшийн сул орон тоо байна. Англи хэл, байгалийн ухаан, физик, хими, технологийн багшийн дутагдал хамгийн өндөр байна. Энэхүү багш хомсдоод байгаа мэргэжлүүдээр гадаад дотоодын их дээд сургуулиудыг 2.7 голч буюу 80 хувиас дээш сурсан хүмүүсийг ажлын байранд урьж байгаа.

Өнөөдөр зөвхөн монгол ийм хомсдолд ороогүй. Дэлхийн улс орнууд 20 жил тутамдаа мөн ийм хомсдолд орж байгаа. Энэ оны ЮНЕСКО-гоос гаргасан тайланд 2030 он гэхэд дэлхий даяар 44 сая багшийн эрэлт үүснэ. Өндөр хөгжилтэй орнуудад хүртэл тохиолдож байна. Багш мэргэжлээр төгсөөгүй ч багшлах сонирхолтой хүмүүст үндсэн багшийн үнэмлэх олгох биш зөвхөн багшлах эрхийг олгож байгаа. Энэ жилээс 44 хүүхдээс дээш дүүргэлттэй ангиудад туслах багш  ажиллуулж байгаа. Сургуулийн удирдлагуудтай уулзаж байхад "Багшийн хомсдолыг хурдан шийдээд өгөөч" гэдэг. Урьд нь багш нарыг сонгон шалгаруулж авдаг байсан бол одоо ирсэн болгоныг авч байна хэмээн ярьдаг. Түүнчлэн багш нарт ур чадварын дутагдал их байна. Бүх чадварын мэргэжилтнүүдийн академик мэдлэг, ур чадварыг боловсролын салбарт шингээмээр байгаа юм. Үнэхээр "та сайн физикч юм бол ирээд заагаад өгөөч ээ”, гэрээт багшаар ажиллаж болно. Үнэхээр гадаад дотоодын их, дээд сургуулийг амжилттай төгсөөд өөрт тань багшлах сонирхол байгаа бол ирээд заагаад өгөөч ээ.Судалгаа хийж чаддаг, эх хэлнээсээ гадна гадаад хэлнээс эх сурвалжаа олоод хичээлдээ ашиглаж чаддаг хүмүүст зах зээлээ нээе. Энэ нь багшийн ачааллыг бууруулах ач холбогдолтой. Өнөөдөр физикийн багш дутагдаж байгаа учраас нэг багш давхар олон ангид зэрэг орж байна.Олон ангид зэрэг заахад хичээлийн бэлтгэл ч хэцүү болно биз. Багшийн ачааллыг зохих хэмжээнд хүртэл бууруулснаар тэнд ЧАНАР гарч ирнэ” гэв.