Герман орныг 16 жил удирдсан тус улсын канцлер асан Ангела Меркелийн удахгүй уншигчдын гарт хүрэх 700 орчим хуудас дурсамж номын хэсэг долоо хоног тутмын “Die Zeit” сэтгүүлд нийтлэгдсэн нь олны анхаарлыг ид татаж байна. Тэрээр 2021 онд үүрэгт ажлаа орхисноосоо хойш дурсамжаа бичсэн гэх бөгөөд “Эрх чөлөө” нэртэй ном нь ирэх мягмар гарагт худалдаанд гарах аж. Меркель коммунист дэглэмт Зүүн Германд өнгөрөөсөн бага нас, Христийн Ардчилсан намын дотор богино хугацаанд өсөн дэвжсэн улстөрчийн замнал, бүх Европын хатан хаан гэгдтэлээ улс орноо удирдсан жилүүд, засгийн эрхэнд байхдаа уулзаж учирч явсан бусад орны төрийн тэргүүн нарын тухай гээд олон зүйлийг ихэд дэлгэрэнгүй хүүрнэсэн байна.

Дээрх сэтгүүлд нийтлэгдсэн хэсгээс зарим нэг сонирхолтой эшлэлийг хүргэе. Меркель дипломат ёсны “эелдэг боловсон хандлагаас нэгэнтээ чөлөөлөгдсөн хүний хувьд” нэн тэргүүнд удахгүй Цагаан ордонд ахин залрах гэж байгаа Дональд Трампыг дарангуйлагчдыг дотроо өмгөөлж хамгаалдаг, тэр дундаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд онцгой элэгтэйг дурджээ. Мөн түүнийг “эрүүл саруул ухаантай, ердийн хүн” гэж бодсон нь андуурал байсан хэмээгээд “сэтгэл хөдлөлөө захирч чаддаггүй, өөрийн хэрэгцээ шаардлагыг нэн тэргүүнд тавьдаг, улс төрийн тавцанг яг л үл хөдлөх хөрөнгийн зах зээл шигээ санадаг хүн” гэж тодорхойлсон байна. “Түүнд бүх л улс орон өрсөлдөгч шиг нь санагддаг. Аль нэг улс амжилтад хүрч гэмээнэ нөгөө нэг нь заавал унаж, бүдэрч байх учиртай л гэж тэр бодно. Хамтын ажиллагаа, хамтын хөгжил гээч зүйл түүний ой тойнд багтахгүй” гэж Меркель бичжээ. Харин Оросын Ерөнхийлөгчийн тухайд тэрээр “өш хонзон санамтгай, бусдыг урхиндаа оруулахдаа гаргууд” гэснээс гадна чухам хэдийд гэдгийг нь тодруулаагүй ч Путин нэгэнтээ өөрт нь “Та мөнхөд канцлераараа байхгүй. Украин харин НАТО-д элсэнэ гэнэ. Би тийм зүйл болохыг яагаад ч зөвшөөрөхгүй” гэж хэлж байсныг дурдсан байна.