Орчин цагийн хамгийн амжилттай, хамгийн нэр хүндтэй хамтлагуудын нэг “One Direction”-ий гишүүн асан Лиам Пэйн Аргентиний нийслэл Буенос-Айрес хотын нэгэн зочид буудлын гуравдугаар давхрын тагтнаас унаж, амиа алджээ. Тэрээр 31 настай байсан юм. Пэйн хамтлагийнхаа гишүүн Найл Хораны хамт энэ сарын 2-нд Аргентинд тоглолтод оролцсон аж. Пэйн ердөө 16 настайдаа “One Direction”-ий гишүүн болж байв. Тус хамтлаг дэлхий даяар 70 сая гаруй цомог борлуулсан юм.

Пэйн гэнэтийн алдар хүндээс болж сэтгэл санаа нь тогтворгүйжиж, согтууруулах ундаа, өвчин намдаагчаас хэт хамааралтай болсноо нэг бус удаа ярьсан байдаг. Тэрээр бүтэн хоёр жил эмчилгээ хийлгэжээ. Пэйн “Girls Aloud” хамтлагийн дуучин Шерил Коултай 2016 он гэрлэж, 2018 онд гэрлэлтээ цуцлуулж байв. Тэд 2017 онд төрсөн нэг хүүтэй юм.