Сүүлийн жилүүдэд харааны шилтэнгүүд огцом нэмэгдэж буйг гудамжаар зөрж буй нийтлэг дүр төрхөөс төвөггүй харж болно. Мөн ерөнхий боловсролын нэг ангид харааны шил зүүдэг сурагч хамгийн багадаа таваас олон байгааг багш нар хэлж байгаа. Ингэж нийгмээрээ, нийтээрээ нүдээ хайрлахгүй явснаас хорвоог тольддог хамгийн чухал хэсгээ хайхрахгүй байх, гамнахгүй бол хэцүүдэж буйг, тэр дундаа хүүхдүүдийнхээ нүдийг онцгой анхаарах шаардлага тулгарч байна.
БАЙГАЛИЙН ГЭРЭЛ, ХӨДӨЛГӨӨН НҮДНИЙ ХАРААНД ЭЕРЭГ НӨЛӨӨТЭЙ
Хүүхдийн эрүүл мэндийн хамгийн чухал хэсэг болох нүдний хараа муудах нь олон шалтгаантай. Ихэвчлэн гар утасны хэтийдсэн хэрэглээ, компьютертэй холбоотой. Тэгвэл нүд эрүүл байснаар хүүхэд орчлон ертөнцийг тод харна цаашлаад биеэ авч явах байдалтай ч хамаатай аж. Харааг ганц самбар дээр бичсэн зүйлтэй холбож ойлгох нь өрөөсгөл. Өөрөөр хэлбэл, зөвхөн харах тухай бус унших, бичих, ойлгох чадварт ч нөлөөлдөг гэдгийг эмч мэргэжилтнүүд хэллээ.
Гадаад улс орны жишгийг харвал, БНХАУ, Тайвань, Сингапур, Хонгконг зэрэг Азийн орнуудад хийсэн судалгаагаар хиймэл гэрэлтүүлэгчтэй байшин, орон сууцнаас гарахгүй байгаа хүүхдийн хараа муудах үйл явц хурдтай явагддаг.
БНХАУ-д хүүхдүүдийг өдөрт нэг цаг гаргах, гаргахгүй гэж хоёр бүлэгт хувааж туршилт хийжээ. Өдөрт нэг цаг гадаа байгалийн гэрэлд гараагүй хүүхдүүд -1, -2-той шил зүүлээ гэхэд энэ нь хэр хурдацтай даамжирч байна вэ гэдгийг харьцуулсан байгаа юм. Ажиглалтын үр дүнд өдөрт нэг цаг гадаа гарсан хүүхдүүдийн хараа муудалтын даамжрах бага байсан. Эндээс байгалийн гэрэлд гарах, хөдөлгөөн хийх зэрэг нь нүдний хараанд ихээхэн нөлөөтэйг харж болно.
Мөн Африкийн улсуудад хийсэн судалгаагаар тэнд хүүхдүүд тогтмол байгалийн гэрэлд байдаг учраас энэ нь нүдний хараанд эерэг үр дүн үзүүлж байжээ. Тиймээс хараа муудах шалтгааныг ганцхан гар утас, компьютерийн дэлгэцтэй холбож үзэх нь өрөөсгөл юм.
ХАРАА ШАЛГАХ ХЭЦҮҮ БИШ
Тэгвэл эцэг эхчүүд хүүхдийнхээ нүдний хараа муудсан эсэхийг хялбархан мэдэж болно. Хүүхэд тань зурагт, ном үзэхдээ хэт ойроос үзэж, хол байлаа гэхэд нүдээ онийлгож байна уу, нүдээ нухаж, толгойгоо гилжийлгэж харж байна уу гэх зэрэг зүйлсийг эхний ээлжинд ажиглаж болно. Эцэг эхчүүд хүүхдээ ойроос битгий зурагт үзээд бай, холоос хар, ойроос хараад байвал хараа чинь муудна гэдэг. Гэтэл хүүхэд харахгүй байгаа учраас ойрхон суугаад байгаа болохоос ойрхон суучихаад муу хараатай болчихож байгаа юм биш. Хүүхэд хараа муутайгаа өөрөө мэдэхгүй. Хорвоо ертөнц ийм л харагддаг гэж бодоод явж байгаа. Насанд хүрэгчид шиг өөрөө явж очоод эмнэлэгт үзүүлэх боломж байхгүй. Тиймээс энэ бүхнийг эцэг эх анхаарч хариуцах ёстой гэдгийг "Орбис" эмнэлгийн Монгол дахь суурин төлөөлөгч Ч.Чимгээ эмч хэллээ. Тэрээр "Хүүхдээ хараа муутайг нь мэдлээ гэж бодоход эмнэлгийн тусламж үйлчилгээ зөв авах нь чухал. Ихэвчлэн хараа муутай юм шиг байна гээд л шууд шил худалдаалдаг газар очоод ямар ч хамаагүй шил аваад зүүчихдэг. Энэ буруу. Манай эцэг эхчүүд компьютерээр шил тааруулж байна гэдгийг маш сайн гэж бодоод байдаг. Хүүхдэд тийм байдлаар хандаж болохгүй. Буруу шил зүүвэл толгой нь эргэнэ, бөөлжинө гээд олон сөрөг үр дагавартай. Тиймээс заавал мэргэжлийн эмчид үзүүлж байж зөв шилийг нь тааруулж өгөх шаардлагатай. Мэдээж жороо баримталж худалдаалдаг газар очиж шилээ хийлгэж болно. Хүүхэд гэлтгүй насанд хүрэгчдэд ч буруу шил зүүхэд сөрөг үр дагаврууд гардаг. Буруу шил зүүснээс болж тод харж чадахгүй байх, толгой эргэж дотор муухай оргиж болно. Буруу шил зүүснээ мэдэхгүйгээсээ болоод байнга толгой нь өвдөж, мэдрэлийн эмчид үзүүлээд, сүүлдээ MRI шинжилгээ хийлгэсэн ч тохиолдол байсан. Цилиндрийнх нь градус, хүүхэн харааны хоорондох зайг нь буруу тааруулчихвал дотор эвгүй оргих, цаашлаад толгой өвдөх тохиолдол гарна" гэсэн юм.
Эцэг эхчүүдийн хамгийн ихэнд анзаарах зүйл бол хүүхдийнхээ харааг шалгах юм. Энэ нь тийм ч хэцүү ажил биш. Сургуулийн эмч, ангийн багш, сургуулийн нийгмийн ажилтан ч хүүхдийн хараа муудсан эсэхийг мэдэх боломжтой. Энэ нь зөвхөн хүүхдийн хараа ямар байна вэ, хол, ойрдоо юм харж чадаж байна уу гэдгийг л хүснэгт хараад шалгаж байгаа асуудал аж. Мэдээж харааны асуудал илэрсэн хүүхдийг нүдний нарийн мэргэжлийн эмч үзнэ. Эмч тохирсон эмчилгээг нь хийлгэнэ, таарсан шилийг нь зүүлгэнэ.