Энэ сарын 11-нд улс даяар орон нутгийн сонгуулийн санал хураалт болсон. Сонгуулийн үр дүнгийн дагуу нийслэл, зарим дүүрэг, аймаг, сумын ИТХ-ын шинэ бүрэлдэхүүн анхдугаар хуралдаанаа хийж удирдлагаа сонгож байна. Тухайлбал, нийслэлээс гадна Багануур, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар зэрэг аймгийн ИТХ хуралдаж, удирдлагаа сонгон, Засаг даргаа томилоод буй бөгөөд Ерөнхий сайд захирамжийг нь батлах, эсэхийг хүлээж байгаа.

Эдгээрээс хоёр аймгийн ИТХ-ын даргаар анх удаа эмэгтэй хүнийг сонгосон бөгөөд Дархан-Уулын ИТХ-ыг А.Янжмаа, Өвөрхангайгийнхыг Т.Нарангарав удирдах нь. 2020 оны сонгуулийн дүнгээр байгуулсан ИТХ-уудаас Сэлэнгэ, Хэнтий аймаг, Багахангай, Баянгол, Налайх дүүргийг эмэгтэй хүн удирдаж байв. Энэ удаа үүнийг давах уу.