Пёньяны эрх баригчид Үндсэн хуулиндаа нэмэлт, өөрчлөлт оруулж байгаагаа хэд хоногийн өмнө зарласан. Тэгвэл хамгийн эхний өөрчлөлт нь Өмнөд Солонгосыг “дайсан улс” хэмээн тодорхойлсон явдал байлаа. Хоёр Солонгосын харилцаа сүүлийн үед ойрын хэдэн жилд байгаагүйгээр хурцдаад байгаа юм. Хойд Солонгосын төрийн төв хэвлэлд дээрх үйлдлийг “зайлшгүй шаардлагатай, хууль ёсны” хэмээн онцолсон байна.
Умардын тал энэ долоо хоногийн эхээр хоёр улсыг холбодог засмал зам, хуучны төмөр замыг дэлбэлж сүйдэлсэн юм. Хоёр орны эргэн нэгдэх эсэх асуудлыг өнгөрсөн арванхоёрдугаар сард Ким Жон Ун бүрэн няцааж, тийм явдал хэзээ ч болохгүй гэсэн тул энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт нь хэдийгээр бэлгэдлийн шинжтэй ч харилцаа улам таагүй болж буйг илтгэх албан ёсны мэдэгдэл тул олон улсын ажиглагчдын анхаарлыг эрхгүй татаж байна. Хойд Солонгос улс өмнөд хөршөө гол дайснаа гэж зарлаад зогсохгүй болзошгүй дайнд өмнөхөөсөө ч илүү бэлэн байгаа хэмээн мэдэгджээ. Гэхдээ бодит байдал дээр энэ нь ердөө сүржин мэдэгдэл төдий, жинхнээсээ зэр зэвсэгтээ тулбал хэчнээн хэмжээний хор хохирол амсахаа Пёньяаны эрх баригчид мэдэж байгаа гэж шинжээчид онцолсоор байгаа юм.