Хотын даргыг түгжрэлтэй тэмцээд өгөөч ээ гэсэн болохоос хот хөдөөгөөр, халтар, цагаанаар ялгаад өгөөч ээ гээгүй л байлтай.
Үнэндээ хотын дарга Х.Нямбаатарын коммунист, хортой шийдвэрүүд иргэдийн уур бухимдлыг эцэст нь тулгаж байна.
Гэсэн ч тэр хөмсөг зангидан би ажлаа мэдэж байна та халтарууд чимээгүй бай гэх өнгө аястай пээдэлзэж, чаддаг юм бол жагсахгүй юу гэж басах аж.
Орон нутгийн иргэд хотод машинтайгаа орж ирэхийн тулд өдрийн 5000 төгрөг өгөх ёстой болсон. Харьяалал нь орон нутгийнх бол бол банк, банк бусаар машин авлаа ч хотын дугаар зүүх эрхгүй гэх. Машин зарж, улсад тодорхой хэмжээний татвараа төлөөд мөнчгөрөөрөө яваа хэдэн автомашин худалдаачдыг халтар ченжүүд гэж доромжлох. Энэ бүхэн нь нийслэлд амьдарч буй иргэдийн эрх ашиг, утаа тортгийг шийдэхэд нэн тустай тул Хотын дарга би энэ шийдвэрээ цээжээрээ хамгаална гэж даналзаж байх юм. Аливаа улс төрийн шийдвэр тооцоо судалгаатай, хүний эрхийг нэн тэргүүнд авч үзсэн байх нь наад захын л шаардлага. Харин түүнд хүний эрхийн мэдрэмж хумсын толионы чинээ алга.
Х.Нямбаатарын хортой шийдвэрүүд хөрсөн дээрээ хэр наалдаж байгааг харъя л даа. Хотын дугаар шинээр авахад үнэ нь 3.000 сая хүрчээ, цаашдаа ч өсөх нь гэж иргэд ярьж байна. Дугаарын наймаа улам цэцэглэх нь ч нэн тодорхой байсан. Хөдөө төрсөн, хаягаа шилжүүлээгүй та нийслэлд унаатай явах эрхгүй. Хөдөө төрсөн танд улсын дугаар огт олдохгүй, орон нутгийн дугаар авбал өдрийн 5000 төгрөгөө төлөх ёстой. Ер нь бол хөдөө төрсөн нь таны хохь гэсэн үг. Гэлээ гээд хөдөө рүү нүүхгүй нь лавтай. Тэдэнд хот руу шилжихээс өөр зам үлдээгүй. Хот руу шилжиж өртөг өндөр ч ганц улсын дугаар олж зүүх арга сэдэх нь мэдээж. Тэгэхгүй гээд ч яах билээ. Автобус хүрэлцээтэй байдаг сан бол яая гэхсэн. Улсын дугаар шинээр олгохгүй гэх шийдвэр гарсан, гараагүй автобусаа хүлээсэн иргэд буудал дээрээ багтаж ядан байгаа. Дээрх муйхар шийдлээс болоод энэ тоо улам л нэмэгдэнэ.
Өвлийн тэсгим жаварт хүүхэд, хөгшидгүй даарч бээрэн зогсоцгоох нь ойлгомжтой. Ингэхэд энэ дэлхийн хамгийн хүйтэн хот Улаанбаатар гэдгийг Х.Нямбаатар мартчихсан хэрэг үү.
Хөдөөнөөс хотыг зорьж эмнэлэг, домлого бараадагсад тендерийн унаагаа царайчлахаас өөр аргагүйд хүрч байна. Арга ч үгүй биз. Эмнэлгийн цаг сарын дотор багтаж олдвол их юм. Олдсон цагаа хүлээж, үзүүлж, эмнэлэгт хэвтвэл өлхөн хоёр сарын хугацааг нийслэлд өнгөрүүлж таарна. Энэ хооронд унаж ирсэн машины төлбөр нь 200, 300 мянган төгрөг хол давах нь мэдээж.
Тэтгэврийнхээ тэн хагасыг хөдөөнөөс хотод ирснийхээ төлөөс болгоод тушаах ёстой болж байгаа хэрэг. Чадахгүй бол таван цаасаа бодоод хам хум үзүүлээд харих ёстой. Ядарсан иргэд нь тухтай ч эмнэлэгтээ үзүүлж чадахгүй яаран сандран буцаж байгаа нь тэгээд Х.Нямбаатарын түгжрэлийг шийдэх хосгүй санаачилга болж таарах нь.
Х.Нямбаатарын эдгээр коммунист, хортой шийдвэрүүд ядарч, цөхөрсөн ард түмэндээ нүсэр ачаа болж байна. Тэр шийдвэрүүдээ хууль болоод баталгаажчихсан гэж өмөөрч суухын оронд олон талаас нь харж, тунгааж, бодит байдалтай уялдуулах ёстой байсныг иргэд олон үгээрээ ч, үйлдлээрээ ч хэлж байгаа.
Хууль, журам гэдэг иргэндээ ээлтэй, эрх ашгийг нь хөндөөгүй, олон талын судалгаа, нотолгоотой байдаг гэдгийг Хотын даргад сануулаад өгөх хүн энэ төрд алга уу, таминь. Хорсол, заналаа хойш тавьж дээрээс өнгийсөн биш хөрсөн дээрээ буусан шийдвэр гаргахыг Хотын даргаас хүсэх байна.