Британи гаралтай Саймон Жонсон, Жеймс А.Робинсон болон турк, армен гаралтай Дарон Ажемоглу нарын гурван профессор колоничлолын эрин үеэс хойших улс орнуудын хөгжлийн замнал, колоничлогч болоод колони байсан орнуудын эд баялгийн ялгаа зэргийг судалж; эдийн засгийн өсөлт, улс төрийн тогтолцоо хоорондын уялдаа холбоог тодотгож өгсөн ажлаараа энэ оны Нобелийн шагналыг эдийн засгийн салбараас хүртлээ. Энэ гурван эрдэмтэн гурвуулаа АНУ-д ажилладаг бөгөөд хоёр нь Массачусетсийн, нэг нь Чикагогийн их сургуулийн профессор аж. Нобелийн хорооны мэдэгдэлд тэмдэглэснээр Европоос цагаачлан очигсдод зориулж анхлан бий болсон нийгмийн байгуулал, эдийн засгийн тогтолцоо, олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг хүрээлэн, сангууд нь эцэстээ тухайн нутаг орны өсөлт, хөгжлийн замналд хэрхэн яаж эергээр нөлөөлснийг ул суурьтай судалж, өмнө нь тодорхойгүй байсан олон асуултын хариуг тайлбар зүүлттэй болгосон нь тэдний судалгааны ажлын гол онцлог болжээ.
Ийнхүү эдийн засгийн салбар дахь Нобелийн шагналтнууд тодорсноор энэ оны нобельтнуудыг зарлаж дуусаж байна. Уг нэр хүндтэй шагналын шинэхэн эзэд дор бүрнээ 11 швед крон буюу ойролцоогоор нэг сая ам.доллар хүртэх юм. 1901 оноос олгож эхэлсэн Нобелийн шагналын төрөлд анхандаа эдийн засгийн салбар байгаагүй ч Шведийн Төв банкны санаачилга, санхүүжилтээр 1968 оноос эдийн засагчдад Нобель олгох болсон юм.