АНУ Изриалийн эрх баригчдыг Газын зурвас руу хүмүүнлэгийн хонгил гаргаж, энгийн иргэдэд хоол хүнс, эм тарианы зайлшгүй хэрэгтэй байгаа тусламжийг хүргэж өгөхгүй бол зэр зэвсгийн хангамжаа зогсоохоо мэдэгдлээ. Вашингтоны албаныхан Израилийн Засгийн газарт 30 хоногийн хугацаа өгсөн агаад энэ хугацаанд “Газын зурвасын хойд хагасыг бүх дэлхийгээс тусгаарлаад байгаа бодлогоо эцэс болгохыг” шаардсан байна.
НҮБ-ын тооцоогоор Газын хойд хагаст 400 мянга гаруй палестинчууд өдөр бүрийг айдас хүйдэстэй, өлөн зэлмэн өнгөрөөж байгаа аж. Харин Израилийн албаныхан цэргийн ажиллагаагаа зөвхөн “Хамас”-ын дайчдын эсрэг чиглэсэн, энгийн иргэдийг аль болох хурдан аюулгүй бүс рүү зугтахыг сануулсаар ирсэн хэмээн мэдэгдсээр байгаа юм.
Израилийн Зэвсэгт хүчин “Хамас”-ыг дэмжигч “Хезболла” бүлэглэлийн эсрэг Ливаны нутаг дахь агаарын халдлагаа үргэлжлүүлсээр байна. Хамгийн сүүлийн мэдээгээр тус улсын нутаг дэвсгэрийн 25 хувь ямар нэг байдлаар Израилийн халдлагад сүйдээд байгаа бөгөөд Израиль-“Хезболла”-гийн дайнаас зугтаж дайжсан дүрвэгсдийн тоо хэдийнээ 1.2 саяыг давжээ.