Америкийн их, дээд сургуулиуд, тэр дундаа Иелийн их сургууль болон Массачусетсийн Технологийн хүрээлэн зэрэг нэр хүндтэй сургуулиуд Дональд Трампыг ирэх нэгдүгээр сард Ерөнхийлөгчийн тангараг өргөж, албан ажлаа авахаас өмнө өвлийн амралтаараа хилийн чанадыг зорьсон юм уу, гэртээ харихаар төлөвлөж байгаа гадаад оюутнуудыг сургуульдаа эргэж ирэхийг зөвлөж, нэгдсэн журмаар цахим шуудан илгээсэн байна. Учир нь Трамп хууль бус цагаачлалтай хатуу тэмцэнэ, бичиг баримтгүй иргэдийг олноор нь нутаг буцаана гэж мэдэгдсээр байгаа юм. Америкийн их, дээд сургууль, коллежуудад бичиг баримтгүй 400 мянга гаруй оюутан суралцдаг гэсэн судалгаа бий.

Трамп 2017 оны эхээр анхны бүрэн эрхийн хугацаа нь эхэлсний дараахан исламын шашинт орнууд болон Хойд Солонгос, Венесуэл зэрэг орнуудаас зорчин ирэгсдэд хориг тогтоож байсан юм. Энэ удаа ч гэсэн түүнийг ажлаа авсан даруйдаа цагаач иргэдэд хориг тавина, бичиг баримтгүй иргэдийг сургууль, ажлын байрнаас нь албадан саатуулж, шинэ Засгийн газрынх нь зарим гишүүдийн ярьж буй цагаачдын түр байранд байлгаж байгаад нутаг буцаах вий гэсэн айдас  олны дунд байна. Америкийн их, дээд сургуульд суралцдаг бичиг баримтгүй оюутнууд Барак Обамагийн засаглалын үед батлагдсан Хүүхэд хамгааллын хуулийн дагуу дээд боловсрол эзэмших эрхээ эдэлдэг юм. Харин бага насандаа Америкт хөл тавьсан сая гаруй хүүхдийг хамгаалж ирсэн уг хуулийг Трамп Ерөнхийлөгч болмогцоо цуцална гэж мэдэгдсээр байна.