Ерөнхий сайд Шанхайн экспод хэлсэн үгэндээ “Монголын за бол андгай” байдаг тухай онцлоод “Бид хэлцэл бол хэлцэл, гэрээ бол гэрээ хэмээсэн зарчимд тулгуурладаг” гэв ээ. Тэгвэл Ерөнхий сайдын урд хөршид өчсөн "За андгай" нь юу байв.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын “Huawei” компанитай хамтрахаар болов. “Huawei” компанийн шинэ технологийн туршлагуудыг судална гэнэ. Ухаалаг хотыг бүтээн байгуулж, дижитал эрчим хүч, технологийн салбарын залуу мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хамтрах аж.
Товчхондоо Монголын төр шилжилт хийж байна гэх нэрийн дор бүх мэдээллээ “Huawei”-д даатгажээ.
Энэ гоомой шийдвэрийн цаана улс орны мэдээллийн аюулгүй байдал ноцтойгоор яригдана. УИХ-ын гишүүн Ч.Анарын хэлсэнчлэн Үндэсний Аюулгүй байдал болон Гадаад бодлогын үзэл баримтлалд халдсан үйлдэл гэдэг нь үнэн.
Учир нь БНХАУ-ын Үндэсний тагнуулын тухай хуульд аливаа байгууллага, иргэн “Үндэсний тагнуулын үйл ажиллагааг дэмжих, туслах, хамтран ажиллах” үүрэгтэй гэж заасан байдаг. Мөн Кибер аюулгүй байдлын тухай хуулиараа компаниудыг үндэсний аюулгүй байдлын асуудлаар Засгийн газартай хамтран ажиллахыг шаарддаг.
“Huawei” тагнуулын ажиллагаанд идэвхтэй оролцдоггүй байж болох ч хууль тогтоомжийн хүрээнд тагнуулын алба нь хамтран ажиллахыг албаддагийг үгүйсгэх аргагүй. АНУ-ын зүгээс “Huawei” Хятадын төрийн нэрийн өмнөөс тагнаж чагнаж байж болзошгүй гэж болгоомжилдог. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 2019 онд эх орных нь цахим сүлжээний аюулгүй байдалд гаднын дайсагнал заналхийлж байна гэдгийг зарласан. Тэрээр нэр цохон тэмдэглээгүй ч түүний шийдвэртэй холбоотойгоор “Huawei” групп Америк дахь үйл ажиллагаагаа хязгаарласан байдаг. Зөвхөн АНУ төдийгүй хэд хэдэн улс орнууд “Huawei”-ийн бүтээгдэхүүнүүдээс болгоомжилсоор байгаа. Тэр дундаа Ерөнхий сайдын ашиглана хэмээн онцлон дурдаад буй 5G сүлжээнээс холхон байхыг, чухал дэд бүтцэд ашиглахгүй байхыг АНУ өөрийн холбоотнууддаа сануулсан хэвээр байна.
АНУ хоёр орны харилцаанд сөргөөр нөлөөлөхийг мэдсэн ч ийм эрс шийдэмгий шийдвэр гаргаж, мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалжээ. Харин Монголын төр гүйж очиж түүгээр явсан гайг үүгээр дуудсаны учир юу вэ. Тэр бүү хэл Ерөнхий сайд нь хэлсэн үгнээсээ эргэж буцдаггүй гээд андгай тангараг өргөж байх юм.
Улс орны үндэсний аюулгүй байдалд халдсан энэ алхмыг сөрөг хүчний удирдлагууд болох Лу.Гантөмөр, Т.Доржханд нар харсаар атал ганц үг ган хийсэнгүй. Харин ч үргэлжид Ерөнхий сайдын бөөрөнд нь наалдаастай, эрх тугал шиг л явсаар айлчлалаа дуусгав бололтой. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү бодит үнэлэлт дүгнэлт хийх нь битгий хэл “Huawei” компанитай хамтран ажиллах Ажлын хэсгийг ахална гээд хөөрөөд явж байна билээ.