Удирдлагын академи гадаадад өндөр боловсрол эзэмшиж, ажлын арвин туршлага хуримтлуулсан эрдэмтэн судлаачдад урилга илгээгээд байгаа. Энэ талаар академийн захирал доктор, дэд профессор Д.Сүрэнчимэгтэй ярилцлаа.
-Удирдлагын академи эрдэмтэн, судлаачдад хамтарч ажиллах урилга илгээсэн нь энэ цаг үед нэлээн шинэлэг санагдлаа?
-Монголчууд ном, багшийг шүтдэг. Багшийг шүтдэг болсон цагаасаа мэргэжлийн өдрийг нь тэмдэглэн өнгөрүүлээд 58 жилтэйгээ золгож байна. Ингэж бодохоор бүтэн жаран болжээ. Дэлхий дахинд багш мэргэжлийг тэмдэглэдэг болоод 30 дахь жилтэйгээ золгож байна. Энэ жил дэлхийн багш нарын өдрийг багш нараа сонсох, үнэ цэнтэй үгийг нь хуваалцах уриан дор тэмдэглэлээ. Тиймээс энэ цаг үед бид мэргэжлийн хүмүүсээ сонсож, нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд тэдний санаа бодлыг хуваалцаж, туршлагыг нь нэгтгэх хэрэгтэй.
Монгол Улсад ардчилсан, сайн засаглалыг төлөвшүүлэн бэхжүүлж, хөгжлийн таатай нөхцөлийг бүрдүүлэхэд иргэн бүрийн оролцоо нэн чухал билээ. Тиймээс гадаад орны чансаа өндөр их, дээд сургуулийг магистр түүнээс дээш боловсролын зэрэгтэй төгссөн, ажлын дадлага туршлагатай, мэдлэг чадвараа улс орныхоо хөгжилд зориулах хүсэл, эрмэлзлэлтэй эрдэмтэн судлаачдад хамтарч нэгдэх саналыг тавьж байна. Эдгээр хүмүүс материалаа Удирдлагын академийн хаягаар илгээхийг хүсч байна. Бидэнд ирүүлсэн материалуудыг хараад аль чиглэл, ямар мэргэжлийн хүн байна вэ гэдгийг ангилна.
Төрийн албаны сургалтын байгууллагаас зохион байгуулах уулзалт, хэлэлцүүлэгт хөгжлийн талаарх санал, санаачилга, гарц шийдлийг дэвшүүлж оролцохыг урьж байгаа.
-Танай байгууллагатай ямар байдлаар хамтарч ажиллах боломжтой вэ. Үр дүнг хэрхэн тооцсоноос гадна яг юунаас аль салбараас ажлаа эхлэхээр төлөвлөж байна вэ?
-Холбогдох салбарт мэргэжлийн хүний дуу хоолойг хүргэсэн хэлэлцүүлэг, ярилцлага хийнэ. Эндээс шийдвэр гаргах түвшний хүмүүс санаа авах байдлаар зохион байгуулах юм. Энэ жилээс төрийн албаны байгууллагуудын хувьд УИХ-ын гишүүдийн дотор эрх зүйн зохицуулалт шаардлагатай байгаа агуулгуудаар чөлөөт ярилцлага хийхээр төлөвлөж байна. Төрийн захиргааны төв байгууллагыг удирдаж байгаа буюу яамдын удирдлагын дунд салбар дундын хамтын ажиллагаа шаардаж байгаа агуулгуудаар чөлөөт ярилцлага хийх болно. Эдгээр ажлуудыг зохион байгуулахдаа өндөр түвшинд бэлтгэгдсэн мэргэжлийн хүмүүсийн санал шийдлийг хуваалцаж, ярилцана.
-Экспертүүдийн санаа оноо, гарц шийдлийг улс орныхоо хөгжилд ашиглахаас гадна эргээд тэдгээр хүмүүст ямар боломж олгох бол. Харилцан ашигтай хамтын ажиллагаа байх болов уу?
-Улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулахаар материалаа ирүүлж байгаа хүмүүс бидний зохион байгуулж буй ажлаас ямар үр дүн гарах, эргээд ямар боломж гарч ирэх вэ гэсэн асуулттай тулгарахыг үгүйсгэхгүй. Улс орноо хөгжүүлэхийн тулд өөрийн мэдлэг чадвар, мэргэжил, хураасан туршлагаа хуваалцах чин сэтгэлтэй мэргэжилтнүүд төрийн албанд ажиллаж буй хүмүүс болон мэргэжлийн талбартаа танигдах боломжтой. Залуучууд гадаадад сургууль төгсөж ирээд танигдаж амжилгүй буцаад явах тохиолдол олон бий. Харин танигдах замыг нь нээж өгөх нь төрийн албаны сургалтын байгууллагын үүрэг. Хоёрдугаарт, тухайн мэргэжлээр нарийн мэргэшсэн хүмүүсийг сургалтын байгууллагынхаа зохион байгуулдаг богино сургалтад хичээл заах, сургалтын бодит кэйсийг хуваалцах байдлаар хамтарч ажиллах санал тавина. Хэн хаана, ямар чиглэлээр ажиллах нь ярилцсаны дараа тодорхой болох нь лав. Энэ мэтээр богино сургалтуудад ажиллах боломж гарч ирэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ тухайн мэргэжилтэн өөрийгөө харуулах хамгийн чухал. Тодорхой түвшний шалгуур хангаад Удирдлагын академийн багшаар ажиллахыг үгүйсгэхгүй. Мөн мэргэжлээрээ салбартаа төрийн албаны шаардлагад нийцэж байвал нээлттэй.
Бидний зохион байгуулж буй энэхүү ажил нөгөө талаас мэдлэг, чадвар, туршлагыг төрийн байгууллагад нэвтрүүлэх арга зам. Өнөөдөр төрийн алба тодорхой туршлага хуримтлуулсан, шаардлага хангаж албан тушаалд хүрдэг журамтай. Зарим улсад хаана ажилласнаар нь дүйцүүлдэг, тодорхой түвшнээр оруулдаг туршлага байдаг. Төрийн албаны шинэчлэлийн хүрээнд Монгол, гадаадад бэлтгэгдсэн мэдлэг туршлагаа өөрийн улс орондоо зориулах зорилгоор тухайн зохицуулахыг хийж болно.