Нэгэнтээ Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд “Чингис хааны одон хүртэх шалгуур хангасан хүн манайд байхгүй” гэж дуугарч байлаа. Түүний энэ үг жил ирэх тусам улам л батлагдаж байх шиг. Учир нь “Чингис хаан”-ы одонг НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд хүртэхээр болж. 2022 онд уг одонг Америкийн Нэгдсэн Улсын эрдэмтэн Жак Уэтерфорд хүртэж байсан гээд бодохоор 18-хан удаа олгогдож байгаа тус одонг хоёр гаднын иргэн хүртэж байна.

Тэд уг одонг хэрхэн үнэлдэг эсэхийг хэлж мэдэхгүй юм. Харин монголчууд “Чингис хаан”-ы одонг ихэд чухалчлан үздэг. Хэн хүртэх эсэх нь ч нийгмийн ярианы сэдэв болдог болоод удаж буй. Эзэн Чингис хаанаар овоглогдсон учраас тийм хэмжээний үнэ цэн, үнэлэмжийг дагуулах нь ч зүйн хэрэг биз. Энэ одонг олгох шаардлагад ч тийм хэмжээний үнэ цэн шингэсэн байдаг.

“Чингис хаан” одонг “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэн болон байгууллагат олгоно” хэмээн тодорхойлсон байдаг.

Ухаандаа ийм хэмжээний гавьяатан энэ гурван сая хүн дотор байхгүй аж. Хайгаад лав олоогүй бололтой. Тиймдээ ч арга мухардан харь улсын иргэдэд энэ эрхэм одонгоо хүртээгээд байгаа болов уу.

Өнгөрсөн хугацаанд уг одонг Монгол Улс анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, “The Hu” хамтлаг, Монгол Улсын Зэвсэгт хүчин, Морин хуурын чуулга хүртэж байж.

Анзаарах нь ээ улс төр, урлаг, спортын салбарынхан илүү жин дааж байна. Эрдэмтэн, судлаачдаас нэрт эрдэмтэн, физикч Хавтгайн Намсрай, Академич Дэчингунгаагийн Доржготов нарын л нэр байх аж. Улс төр, урлаг, спорт гэж хэт явцуурвал одон хүртэх гавьяатанг олж цөхөх нь мэдээж. Тэгээд ч харь орны иргэд, улс төр, урлаг, спортынхныг үргэлжид хөхиүлэн дэмжиж алдаршуулах нь хэр зөв юм бол. Энэ улс орныг төдийгөөс өдий хүртэл авч ирэхэд даруухнаар амьдралаа зориулсан эрдэмтэн мэргэд, инженерүүд, үүх түүхчид, эх орноо гэсэн халуун сэтгэлтэй гавьяатнууд цөөдөөгүй байлтай.

Ер нь бид уншдаг, судалдаг, хийж бүтээдэг хүмүүсээ хэзээ үнэлж, алдаршуулж дадах юм бэ. Бид хэнийг алдаршуулна, хэнийг үнэлнэ ирээдүй хойч тэднийг л “role model” болгоно гэдгийг сэхээрээсэй. Энэ эрхэм шагналын үнэ цэн, ирээдүй хойчдоо үлгэрлэхээ бодсон ч “Чингис хаан” одонг хэнд олгох эсэхээ төрийн тэргүүн илүү тунгаадаг баймаар.