Анхдугаар Үндсэн хуулийг баталсны 100, Б.Чимидийн мэндэлсний 90 насны ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Үндсэн хуулийн цэц, МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн, “Б.Чимид” сан хамтран Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” номын уншлагыг энэ сарын 29-нд зохион байгуулах гэж байна. Энэ арга хэмжээнд уг номын “Үндсэн хуулийн хөгжлийг шинэ хандлагаар судлах нь”, “Шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлал бүрэлдэн тогтсон тухайд”, “Үндсэн хуулийн үзэл баримтлалын хураангуй”, “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” гэсэн бүлэг тус бүрээр илтгэл, санал, дүгнэлт танилцуулах юм. Илтгэгч, хэлэлцэгч болон бусад оролцогч нар тус номыг урьдчилан уншиж бэлтгэсний үндсэн дээр хэлэлцүүлэг өрнүүлэх замаар зохиогчийн оюуны өвийг түгээх, Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалыг сурталчлан таниулах зорилготой.Энэхүү тэмдэглэлт ойн хүрээнд Б.Чимидийн “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” номыг дахин хэвлэж олны хүртээл болгож буй.