Ардчиллын үнэт зүйл, хүний эрх, иргэнээ хамгаалах зэрэг олон асуудлаар Шинэ нам нь АН-тай нэг үзэл баримтлалтай тул орон нутгийн сонгуульд хамтарч оролцохоор болж, санамж бичиг байгууллаа. Энэ талаар АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал, Шинэ намын дарга Ц.Гантулга нар мэдээлэл хийлээ. Тэд МАН-ыг олонх болгохгүйн тулд анх удаа эвсэж буй гэнэ. Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт “Өнгөрсөн дөрвөн жилд Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хот яаж хөгжсөн, бидний амьдрал ахуй хэрхэн өөрчлөгдсөн, манай эдийн засаг сайжирсан уу гэдэгт энэ удаагийн сонгуулиар дүн тавина. 2016 оноос хойш нийслэлийг МАН дангаар удирдлаа. Үр дүн нь ямар байгааг та бүхэн мэдэж байгаа. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар үндсэн ажлаа хийж чадахгүй, зөвхөн аж ахуйн шинж чанартай, хүмүүсийн толгойг эргүүлэх зорилгоор Улаанбаатарын иргэдэд хоосон амлаж байна. Өмнөх сонгуулиар МАН “Аз жаргалтай Улаанбаатар” гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Энэ дөрвөн жилд Улаанбаатарыг аз жаргалтай хот болгосон уу гэдэгт ирэх аравдугаар 11-нд ард түмэн дүнгээ тавина” гэв.

Мөн санамж бичигт гарын үсэг зурах үеэр Шинэ намын дарга Ц.Гантулга тус намын нийт гишүүн, дэмжигч, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн, судлаачдыг нэгдэж, АН-ын туган дор хамтрахыг ардчиллын үзэл санаатай улс төрийн бусад намд уриаллаа. УИХ-ын сонгуулиар манай намыг дэмжсэн сонгогчдын саналыг хамгаалж, бидэнд хүлээлгэсэн итгэлээ бататган дэмжихийг хүслээ.

Б.Төгөлдөр