Олон улсын харилцаа судлаач Л.Бямбахандтай ярилцлаа.

-АНУ-ын Ерөнхийлөгчөөр Д.Трамп сонгогдсон нь олон улсын нөхцөл байдалд хэрхэн нөлөөлөх бол. Тэр тусмаа Хятадтай хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа нь яаж өөрчлөгдөхөөр байна вэ?

-Украины дайнтай холбоотойгоор олон улсын нөхцөл байдал хувьсан өөрчлөгдсөн. Одоо дэлхий ертөнц өмнөхөөсөө илүү хуваагдчихлаа. Нэг талд Өрнөдийн орнуудын эвсэл, нөгөө талд манай хоёр хөрш буюу ОХУ, БНХАУ-аас гадна Иран, Умард Солонгос гэсэн дөрвөл үүсчихээд байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь байсан шиг хоёр туйлт тогтолцоо руу шилжих эхлэл бүрдчихсэн. Геополитикийн ийм эгзэгтэй үед АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болсон дэлхийн бодлогод асар их нөлөө үзүүлнэ. Яг одоогоор нэг туйлт буюу Америк тэргүүтэй тогтолцоотой байна гэж шууд хэлэх боломжгүй ч энэ улсын дэлхийн бодлогод үзүүлэх нөлөө хүчтэй хэвээр буй. Тэр дундаа Америкийн гадаад бодлогод Ерөнхийлөгчийн гүйцэтгэх үүрэг өндөр байдаг. Конгрессийн шийдвэргүйгээр дайн зарласан Ерөнхийлөгч ч бий шүү дээ. Өдгөө Украины дайн, дэлхийн бусад халуун цэгт өрнөж буй нөхцөл байдлыг өөрчлөхөд АНУ-ын Ерөнхийлөгч чухал үүрэг гүйцэтгэнэ.

Д.Трамп өмнө нь Ерөнхийлөгчөөр ажилласан учраас ямар зан төлөвтэй вэ гэдгийг нь хүмүүс мэдэх байх. Гэнэтийн шийдвэрүүд гаргадаг онцлогтой улстөрч шүү дээ. Эхлээд Хятадтай холбон авч үзье.

Америк, Хятадын стратегийн өрсөлдөөн хурцадна.

Тэр дундаа Д.Трампын өмнөх засаг захиргааны үед энэ хоёр улсын хооронд өрнөсөн худалдааны дайн хамгийн том асуудал байсан шүү дээ. Сая сонгуулийн сурталчилгааныхаа үеэр Д.Трамп Хятадад 60 хувийн татвар тогтооно, энэ улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд ийм хэмжээний татвар ногдуулна гэж ярьсан. Иймд Хятад руу чиглэсэн бодлого нь улам чангарах магадлалтай. Өмнөх Ерөнхийлөгч Ж.Байден ажлаа аваад Д.Трампын тавьсан хоригуудыг цуцлаагүй, ерөнхийдөө хэвээр нь үлдээсэн. Энэ нь аль ч намын үед Хятад руу явуулсан чанга бодлого үргэлжилнэ гэж харах талтай.

Орост илүү ашигтай нөхцөл байдал үүсэх боломжтой

-Тэгвэл ОХУ-д хэрхэн хандах бол. Д.Трамп Украины дайныг шууд зогсооно гэдгээ хэлсэн шүү дээ.

-Орост илүү ашигтай нөхцөл байдал үүсэх боломжтой. Яагаад гэвэл, дайны улмаас Орос, Украины аль аль нь нэлээд сульдаж, эдийн засгийн болон хүчний нөөцөө шавхаж байна. Орос гэхэд Умард Солонгосоос цэрэг авч байгаа нь тэдний нөхцөл байдал нэлээд хүндэрснийг харуулж байна шүү дээ. Орост эзлэгдсэн нутгуудыг тэр чигт нь үлдээж, шинээр яриа хэлэлцээ эхлүүлэх нь манай хойд хөршид ашигтай. Ер нь аливаа улсын үндэс нь газар нутаг байдаг. Украины дайн үүссэн шалтгаан ч геостратегийн байрлал буюу газар нутагтай л холбоотой. Өөрөөр хэлбэл, Орос энэ дайнд хожно гэсэн үг, эцсийн зорилго болсон газар нутгаа авч үлдэх нь. Тиймээс ч тэдний зүгээс Д.Трампыг шууд дэмжсэн үйлдэл гаргасан. Мөн АНУ-ын Ерөнхийлөгчийн 2016 оны сонгуулиар Орос Д.Трампыг дэмжсэн нь баримтаар нотлогдсон шүү дээ. Энэ удаагийн сонгуульд нөлөөлж болзошгүй улс орнуудыг тагнуулын болон бусад байгууллагаас нь тогтооход Орос, Иран, Хятадыг нэрлэж байсан шүү дээ.      

-Манай хоёр хөршийг та сая онцоллоо. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн Монгол Улсад хэрхэн нөлөөлнө гэж харж байна вэ?

-Бүгд найрамдах нам засгийн эрхийг барьж байгаа үед Монгол, Америкийн харилцаа илүү гүнзгийрэх боломж бүрддэг байсан. Д.Трампыг Ерөнхийлөгч байхад манай хоёр улсын харилцаа стратегийн түншлэлд хүрсэн. Үүнээс өмнөх харилцаа 14 жилийн турш иж бүрэн түншлэлийн түвшинд явж ирсэн байдаг. Манай улс аливаа эвсэл, холбоонд нэгдэх эрхгүй. Монгол Улсын хувьд хүрч болох хамгийн том харилцаа бол тухайн улстай стратегийн түншлэл тогтоох явдал байдаг.

Өөрөөр хэлбэл, Америктай хамгийн өндөр түвшинд хамтын ажиллагаа өрнүүлж чадсан үе нь Д.Трампын засаглалын үед тохиосон.

Нөгөө талаас Бүгд найрамдах засаглалын үед Монгол, Америкийн харилцаа сайжирдаг нь тус намын бодлоготой холбоотой. Бүгд найрамдах нам нь цэрэг стратегийн, хатуу, хүчинд тулгуурласан бодлого явуулдаг. Тэр утгаараа Монгол Улсын геостратегийн байрлалыг сонирхож байгаа гэсэн үг. Энэ нь бас Украины дайнтай холбогдоно. Сүүлийн үед буюу 2022 оны хоёрдугаар сард Украины дайн эхэлснээс хойш манайд гадаадын улс орнуудын удирдагчид ирж байгаа нь ч энэ дайнаас улбаатай. Манай гадаад бодлого сайн, эсвэл тэдгээр улс орныхон Монголд хайртай, дуртай гэхээс илүү газар зүйн байрлал маань их гүрнүүдийн сонирхлыг татаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, их гүрнүүдийн хуваагдал, тэмцэл хурцдаж байгаа учраас жижиг улсуудын гүйцэтгэх нөлөө олон улсын харилцаанд нэмэгдэж байна гэсэн үг. Хуваагдал үүсэж байгаа үед жижиг улсыг хэн өөртөө татсан нь стратегийн тэмцэлд ялах боломж бүрддэг. Эцэст нь, геостратегийн үүднээс Америк манайхыг сонирхож, цэрэг, стратегийн хамтын ажиллагаа өргөжих боломжтой.

Мөн Д.Трамп бол бизнесмэн учраас аливаа харилцаанд эдийн засгийн үнэ цэнийг илүүтэй хардаг. Тунхаглалын шинжтэй үйл ажиллагаанд төдийлөн ач холбогдол өгдөггүй. Үнэндээ Монгол, Америкийн эдийн засгийн бодит харилцаа нь маш бага, ардчилал, хүний эрх гэх мэт үнэт зүйлсэд илүүтэй тулгуурласан гэж хэлж болно. Цаашид хоёр улсын харилцаанд эдийн засгийн үнэ цэн хэр байгаа, эсэхээс хамаарч Америк манай улсыг сонирхох болов уу. Гэхдээ бидэнд давуу тал бий. Их гүрнүүд стратегийн өрсөлдөөнд орчихсон энэ үед технологиороо уралдана. Технологийн бүтээгдэхүүний гол түүхий эд нь газрын ховор элемэнт. Үүний нөөц манайд бий учраас энэ чиглэлээр бодит хамтын ажиллагаа нэмэгдэх боломжтой.

Д.Трампыг сонгогдоход нөлөөлсөн нэг зүйл нь цагаачлалын хатуу бодлого хэрэгжүүлнэ гэсэн амлалт байсан

-Д.Трампын засаглалын үед дүрвэгч, цагаач нарт халтай бодлого хэрэгжүүлдэг гэдэг. Энэ тухайд юу хэлэх вэ?

-Энэ удаа Д.Трампыг сонгогдоход нөлөөлсөн нэг зүйл нь цагаачлалын хатуу бодлого хэрэгжүүлнэ гэсэн амлалт байсан. Ер нь бичиг баримтгүй цагаачдыг албадан гаргана гэсэн нь Америкт хэдийн ирээд суурьшчихсан хүмүүст ихэд таалагдсан. Цагаач нэмэгдэх тусам ажлын байр хомсдон, одоогийн байр суурьт нь нөлөөлөх учраас түүнийг латин гаралтай олон сонгогч дэмжсэн байдаг. Мексикийн хил дээр цагаач, дүрвэгчдийн үүсгэсэн асуудлыг Ж.Байдены үед дорвитой шийдвэрлэж чадаагүй шүү дээ. Иймд Америк руу бичиг баримтгүй орох, цагаачлах боломж улам хумигдана гэсэн үг.

-Ер нь Д.Трампын ялалтад нөлөөлсөн хамгийн гол хүчин зүйл юу байв?

-Америк хүчирхэг их гүрэн учраас иргэд, сонгогчид нь гадаад бодлого, олон улсын харилцаа гэх мэт том асуудлын талаар илүүтэй сонирхдог байх гэж бид боддог. Гэтэл үнэндээ бидэнтэй л адил эдийн засгийн асуудлыг сонгогчдын зүгээс хамгийн их анхаарч, сонирхдог. Өөрөөр хэлбэл, Америкийн сонгогчид ч “ходоодоороо” л сонголт хийдэг. Эдийн засгийн тулгамдсан асуудлыг хэн нь оновчтой шийдэх вэ гэдгийг үе үеийн америкчууд харж сонгож ирсэн. “Ковид-19”-ийн цар тахлын нөлөө эдийн засгаас арилаагүй, инфляц өндөр, төр, засгийн бодлого нь америк олон иргэнд төдийлөн таалагдахгүй, тэр дундаа эрэгтэй хүмүүс хүчтэй удирдагч үгүйлж байгаа үетэй энэ удаагийн сонгууль давхацлаа. Эрэгтэй хүмүүсийн хувьд гэр бүлээ авч явах ёстой гэсэн уламжлалт ойлголт байсаар буй учраас ажил олдохгүй, амьжиргаа нь сайжрахгүй байгаа нь тэдний сонголтод нөлөөлсөн гэж хэлж болно. Д.Трампын хувьд эрс хатуу, шийдмэг зүйл ярьж байсан нь энэ хүйсийнхэнд илүүтэй таалагдсан. Нөгөө талаас энэ удаагийн сонгуулиар эмэгтэйчүүд К.Харрисыг дэмжсэн байна. Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой асуудлаар Ардчилсан нам нь илүү либерал байр суурь баримталж, хүсвэл үр хөндүүлэх боломжтой байх ёстой, энэ эрхийг нь хуулиар хязгаарлаж болохгүй гэж үздэг. Бүгд найрамдах намын үзэл баримтлал нь уламжлалт, шашны үнэт зүйлсэд илүүтэй тулгуурладаг учраас бурхнаас өгсөн амийг тасалж болохгүй, үр хөндөлтийг хориглох ёстой гэж үздэг шүү дээ. Өөрөөр хэлбэл, сонгогчид хүйсээр ялгараад байгаа нь тухайн хүнд тулгамддаг асуудлыг шийдэх гарц, гаргалгаатай холбоотой гэсэн үг.

Үүнээс гадна энэ удаагийн сонгуулиар ардчиллын талаарх яриа, хэлэлцүүлэг нэлээд өрнөлөө. Ялангуяа латин америк гаралтай хүмүүст Д.Трампын өгөх гэсэн мэссэж амжилттай хүрсэн. Учир нь К.Харрисын хэлж, ярьсан зүйлсэд коммунизмыг санагдуулам мэссэж багагүй байсан. Куб, Венесуэл зэрэг авторитар дэглэмтэй, ардчиллаас ухарч байгаа орнуудаас цагаачилж ирж байгаа хүмүүст коммунизмыг санагдуулсан үг, яриа аймшигтай санагдана шүү дээ. Мөн Америкийн хүн ам зүйд нэлээд өөрчлөлт гарч, латин америк гаралтай хүмүүсийн эзлэх байр суурь өсөж байгаа. Цаашлаад тэдний дунд христийн шаштны эвангелийн урсгалыг баримтлагчид нэмэгдэж буй. Эвангелийн урсгалын үзэл баримтлал нь Бүгд найрамдах намын үнэт зүйлтэй нэлээд төстэй байх жишээтэй. Үүнээс гадна араб гаралтай хүмүүс Д.Трампыг нэлээд дэмжсэн. К.Харрис буюу Ж.Байдены засаг захиргаа Израйлыг ямар ч үнээр хамаагүй дэмжихээ илэрхийлж байсан шүү дээ. Газын зурваст өрнөж байгаа үйл явдалд араб гаралтай хүмүүст хүндээр тусаж байгаа учраас хэнийг дэмжих вэ гэдэг нь тодорхой болов уу. Түүнчлэн Z үеийнхэн хүмүүнлэг байхыг хүсэж байгаа. Газын зурваст энгийн иргэдийг хоморголон устгаж байгаа нь залуу үеийнхэнд үнэт зүйлсийн хувьд таалагдахгүй байна. Энэ үеийнхнээс ч Д.Трампыг сонгосон.

-Санал хураалтын дүнг та сонгогчдынх нь насны хувьд нарийвчлан харав уу?

-Ер нь дэлхий дахинаа залуучуудыг хамгийн найдваргүй сонгогч гэж үзэх болсон. Уг нь тэднийг идэвхжүүлж, саналаа өгөхийг аль ч улсад уриалдаг ч тэдний оролцоо хангалтгүй, бага байдаг. Энэ удаа аль аль нэр дэвшигч залуучууд руу хандаж ярихыг хичээсэн.      

Санхүүжилтийн хамгийн том фонд үүсгэсэн хүн нь Э.Маск

-Д.Трамп огцом, гэнэтийн шийдвэр гаргадгаараа алдартай. Энэ байдал нь ямар үр дагавартай байх бол?

-Д.Трампыг Ерөнхийлөгчийн өмнөх бүрэн эрхээ хэрэгжүүлж байхад Америкийн гадаад бодлого твиттерийн нэг жиргээнээс нөгөө жиргээний хооронд өөрчлөгдөх боллоо хэмээн шүүмжилж байсан нь түүний энэ зан төлөвийн илрэл байх жишээтэй. Түүний тогтворгүй, огцом шийдвэр гаргадаг байдал нь тодорхойгүй нөхцөл үүсгэж магадгүй гэх болгоомжлол бас бий.

Нөгөө талаас өмнөх сонгуулиар Бүгд найрамдах намын гишүүд, тэр дундаа нөлөө бүхий хүмүүс нь төдийлөн дэмжээгүй. Тиймээс ч албан тушаалтнуудыг ойр ойрхон сольж, хаос байдал үүсгэж байсан.

Харин энэ удаа намынх нь дэмжлэг сайжирч, хүний нөөц сайтай өрсөлдсөн. Энэ нь илүү тогтвортой байх нөхцөл болно гэх хүлээлт байна.

-Д.Трампын ялалтад хамгийн их нөлөөлсөн хүн гэвэл хэнийг нэрлэх вэ?

-“Элон Маскын сонгууль боллоо” гэх хүн олон байна. Өмнөх сонгуулиар Ж.Байденыг дэмжсэн тэрбээр энэ удаа Д.Трампын талд ажиллалаа. Э.Маскын бизнесийн үйл ажиллагаа нь “Тесла”-гаас авахуулаад ерөнхийдөө Калифорни мужид төвлөрч байсан. Гэтэл татварын орчин нь таагүй болоод ирэнгүүт Бүгд найрамдах намын дэмжлэгтэй мужууд руу бизнесээ шилжүүлчихсэн. Үндсэндээ бизнесийн ашиг сонирхлын үүднээс Д.Трампыг дэмжсэн хэрэг. Үүнээс гадна Калифорнид трансжендер хүмүүстэй холбоотой хатуу хууль баталсан. Э.Маскын нэг хүүхэд нь ийм хүйсийнх учраас хувийн шалтгаан ч нөлөөлсөн байх. Бүр бэлэн мөнгө тараана гэж ч ярьсан шүү дээ.

Энэ ташрамд дурдахад, Америкт инфлүүсер, олны танил хүмүүс сонгуулиар улстөрчдийг дэмжихдээ тухайн намаас мөнгө авдаггүй, харин ч хандив өгч, хэнийг дэмжиж буйгаа ил зарладаг. Харин манайд үүнээс огт өөр гэдгийг та мэдэх байх. Сурталчилгааны төлбөртэй нэвтрүүлгийг хэний мөнгөөр хийж, цацаж буйгаа ч нуудаггүй. Энэ удаа Бүгд найрамдах намыг дэмжих санхүүжилтийн хамгийн том фонд үүсгэсэн хүн нь Э.Маск болсон.

-Сонгуулийн үр дүн олон улсын ажиглагч, шинжээчдийнхээс юугаараа зөрөв?

-Санал хураалтаас хоёрхон өдрийн өмнөх судалгаагаар К.Харрис дэмжлэгээрээ хоёр хувиар тэргүүлж байсан.

Гэтэл яагаад ийм үр дүн гарав. Энэ асуулт улс төрийн, социологийн шинжлэх ухаанд эргэлзэхэд хүргэлээ. 2016 оны сонгуулиар ч Хиллари хамаагүй илүү дэмжлэгтэй байна гэж судалгаагаар гарч байсан шүү дээ. Энэ үеэс санал асуулгын арга зүйд эргэлзэж эхэлсэн гэхэд болно. Улмаар санал асуулгыг ямар хэлбэрээр явуулдаг вэ гэдэгт анхаарал хандуулж эхэлсэн. Тодруулбал, тухайн санал асуулгад оролцогч руу өдрийн цагаар суурин утас руу нь залгаж санал бодлыг нь сонсдог. Гэтэл ажлын цагаар гэртээ байдаг хүмүүс бол хөдөлмөр эрхэлдэггүй, өндөр настай байх нь олонтаа. Оролцогчдыг санамсаргүй түүврийн аргаар сонгож байгаа ч хамрах хүрээ нь хязгаарлагдмал учраас үр дүн төөрдөг юм байна гэж дүгнэхэд хүрсэн.

Нөгөө талаас хүн ер нь санал асуулгад оролцохдоо үнэнээ хэлдэггүй юм байна. Дотроо Д.Трампыг дэмжиж байгаа ч асуувал өөр хүнийг хэлэх жишээтэй. Тухайлбал, өмнөх сонгуулиар Д.Трампыг дэмжиж байсан ч түүний талд гэдгээ хэлэхдээ ичдэг байсан байж болно.

-Ярилцсанд баярлалаа.