УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагийн санаачилгаар Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо, “Иргэдийн шударга шүүх” ТББ хамтран 2024-2025 оны хичээлийн жилийг “Монголын багш нар Үндсэн хуулиа судалж мэдэх” жил болгон зарлаж буйгаа мэдээлэв. Сүүлийн 30 гаруй жил манай улсад Үндсэн хуулийг хууль дээдлэх, сахин биелүүлэхэд иргэдийн мэдээлэл хангалтгүй явж ирснийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа онцоллоо. Иргэд Үндсэн хуулиа сайн мэдэхгүйгээс төр, иргэний хоорондын зөрчил гарч, улмаар иргэдийн эрх зөрчигдөх, эдийн засаг, нийгмийн баталгаанд олон сөрөг үр дагавар үүсэж байгааг тэмдэглэв. Иймд анхдугаар Үндсэн хуулийг баталсны 100 жилийн ойг тохиолдуулан 2024-2025 оны хичээлийн жилийг “Монголын багш нар Үндсэн хуулиа судалж мэдэх” жил болгон зарлах шаардлага байгааг тодотгосон юм. Ингэснээр, багш нараар дамжуулан сурагч, хүүхэд багачууд Үндсэн хуулиа мэдэж, сахин биелүүлж төлөвших, цаашлаад иргэдэд Үндсэн хуулийг таниулах чухал ач холбогдолтойг Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар хэвлэлийн хурлын үеэр онцоллоо. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа, Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо, “Иргэдийн шударга шүүх” ТББ хамтран Монголын багш нарт Үндсэн хуулийг сурталчлан таниулах ажлыг хамтран өрнүүлэх санамж бичиг байгуулжээ. Ташрамд дурдахад, Ерөнхийлөгч хичээлийн шинэ жил буюу 9 дүгээр сарын 1-нд “Үндсэн хууль” сэдвээр цахим хичээл заах юм байна.