Монгол төрийн бодлогын гол цөм, хамтарсан Засгийн газрын хамгийн том зорилго бол технологи, хүний нөөц, баялгийн нөөцтэй аж үйлдвэрийн парк байгуулах амбиц. Өөрөөр хэлбэл, аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд нэмүү өртөг шингэсэн уул уурхай, хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттай байгуулахаар зорьж байгаа. Үндсэндээ, уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт, баяжуулалтын үйлдвэрлэл явуулж байгаа томоохон зургаан компанийн дэд бүтэц, нөөц баялагт тулгуурлан, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эд үйлдвэрлэх, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах бодлого тодорхой болж, бүтээн байгуулалтын ажил аль хэдийнэ гараанаас гарсан. Голлон хэрэгжүүлэх үүрэг хүлээгээд буй “Эрдэнэс Монгол” нэгдлийн стратеги төлөвлөгөөнд ч суулгаж өгөөд буй юм.
Эрдэнэт ҮТП-ийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 90 хувьтай өрнөж байна
Онцлон тэмдэглэж буй зургаан байршлын хоёр нь Орхон, Дархан хот буюу уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг түшиглэн байгуулна. Ийн улс орон уул уурхайн салбарын ирээдүйг тодорхойлж буй “Үйлдвэрлэл технологийн парк”-ийн бүтээн байгуулалт хэрхэн өрнөж буйг Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Эрдэнэс Монгол нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нараар ахлуулсан баг бүрэлдэхүүн очиж ажиллалаа. Үйлдвэр технологийн паркийн ач холбогдлын талаар С.Наранцогт захирал “Баялагтаа эзэн болж, боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлэх концепцийг стратегийн зургаан орд газарт тулгуурлаж хийх төсөл хөтөлбөрүүдээ хурдасгах үүрэг чиглэл Засгийн газраас өгсөн. Үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулахад төр, засгийн оролцоо, тэр дундаа “Эрдэнэс Монгол” нэгдэл ямар үүрэг чиглэлтэй ажиллахаа тодорхой болгосон. Паркийн дэд бүтцийг бий болгосны үндсэн дээр эрдэс баялгийг боловсруулж, аж үйлдвэрийн түүхий эд бэлтгэх үйлдвэрийг байгуулна. Дараа, дараагийн шатны боловсруулалт хийх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг хувийн хэвшилд олгоно. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдах үйлдвэрүүдийг найдвартай түүхий эд, тээвэр логистик болон дэд бүтцээр хангана гэсэн үг” гэдгийг онцолж хэллээ.
Үйлдвэрлэл технологийн парк /ҮТП/ дан ганц төрийн бодлого, салангид төсөл биш. Аж үйлдвэржилтийг сэргээхэд төр, хувийн хэвшил хамтарч эрдэс баялгаа бүрэн боловсруулан, эцсийн бүтээгдэхүүн гаргадаг кластерын эхлэл гэж хэлж болно. Нэг ёсондоо, хувь хувьсгалын хамтын амбиц, нэгдмэл зорилгын үр дүнд ҮТП өгөөжөө хүртээх учиртай. Үүний эхнийх нь зэс боловсруулах цогцолбор буюу Орхон аймгийн Баян-өндөр, Жаргалант сумдын нутагт металлурги, химийн үйлдвэрлэл, метал хийц, эрчим хүчний үйлдвэрлэлийн чиглэлээр “Эрдэнэт” Үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулж, катодын зэс, элементийн хүхэр, үнэт метал, зэс бүтээгдэхүүн, эрчим хүч үйлдвэрлэхээр төлөвлөсөн. Тэгвэл энэхүү бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байгаа гэсэн мэдээллийг “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагын баг өглөө. Үйлдвэрийн захирал Г.Ёндонгийн хэлснээр, төмөр замын бүтээн байгуулалтын ажил дуусах шатандаа явж байгаа бөгөөд гүйцэтгэгч компани ажил хүлээлгэж өгөх санал ирүүлсэн. Мөн авто зам 60 гаруй, усан хангамж 50 хувийн биелэлттэй, цахилгаан хангамжийн ажлын тендер зарлагдаад байгаа аж. “Эрдэнэт Үйлдвэрлэл, технологийн парк"-ийн техник технологи, байгаль орчны үнэлгээ зэрэг бүх шаардлагатай бичиг баримтууд хийгдээд дууссан. Ерөнхийдөө дэд бүтцийн зардал өндөртэй, хувийн хэвшил хийхэд хүндрэлтэй хэсгийг төрийн өмчит компани хийж гүйцэтгэж байна. Үүний дараагаар катодын зэсийн үйлдвэр барих бөгөөд санхүүжилтийг хөрөнгө оруулагчид дээр суурилж хийнэ.
Энэ эрчээрээ бүтээн байгуулалтын ажил 2025 онд дуусахаар төлөвлөжээ. Ингэснээр үнэлэмж өндөртэй, өртөг шингэсэн катодын зэс үйлдвэрлэнэ. Зөвхөн катодын зэс үйлдвэрлээд зарахад Эрдэнэт үйлдвэрийн борлуулалтын орлого 100 сая ам.доллароор нэмэгдэх тооцооллыг хийгээд байгаа гэлээ.
Дархан ҮТП 2000 ажлын байр бий болгоно
Аж үйлдвэржилтэд хөтлөх ҮТП-ийн дараагийн байршил ган үйлдвэрлэлийн цогцолбор буюу Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор сумдын нутагт металлургийн үйлдвэрлэлийн чиглэлээр “Дархан” Үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулж, ширэм, ган бэлдэц, барилгын арматур, метал хийц, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгслийн үйлдвэрлэл юм.
Дархан ҮТП төслийн явцын талаар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Хөгжлийн хэлстийн дарга Ж.Ганбаяр “ҮТП байгуулах ажлын хүрээнд гурван төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Эхний ээлжинд газрыг сонгож, улсын тусгай хэрэгцээнд авах ажлыг шийдүүлэх шаардлагатай. Ажлын хэсэгтэй хамтарч хэд хэдэн газрыг үзсэн, сонголтоо хийчихвэл дараагийн ажлууд үргэлжилнэ. ҮТП байгуулах төслийн хүрээнд 2000 ажлын байр бий болох учраас хүний нөөцөө бэлтгэх шаардлагатай. Бид ШУТИС-ийн Дарханы технологийн сургуультай хамтраад 30 орчим хүнийг металлургийн инженерээр сургаж байна” гэсэн бол “Гангийн үйлдвэр жилийн 100 мянган тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай. Сүүлийн жилүүдэд барилгын арматур “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ган бөөрөнцгийн цехийн бэлдэж үйлдвэрлэж байгаа. Одоогийн байдлаар 566 хүн гангийн үйлдвэрт ажиллаж байна. Дотоодоос хаягдал төмөр авч үйлдвэрийнхээ түүхий эдийг хангадаг. ҮТП ашиглалтад орчихвол өөрсдийн уурхайн хүдрээс үйлдвэрийнхээ түүхий эдийг хангана” гэлээ.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь 1993 онд анхны ган хайлалтаа хийж, 1994 онд бүрэн ашиглалтанд орсон, 31 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Монголын ган бүтээгдэхүүний томоохон үйлдвэр юм. Тус үйлдвэр нь байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл нийтдээ 933.2 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж, төмрийн хүдэр 28.4 сая тонныг олборлож, хуурай соронзон аргаар 27.7 сая тонн хүдэр боловсруулж, 21.4 сая тонн баяжмал үйлдвэрлээд байна. Компанид өнөөдрийн байдлаар 1499 ажилтан ажиллаж байгаагийн 87.5 хувь нь орон нутгийн ажилтан ажиллагсад байна. Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрлах Төмөртэйн уурхайн хувьд 230 орчим сая тоннын нөөцтэй, жилийн 2 сая тоннын хүчин чадалтай, уурхайн баяжуулах үйлдвэр цагт 750 тонн төмрийн хүдэр баяжуулах хүчин чадалтай.
Б.Чагнаадорж: “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” энэ онд 13.6 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд төвлөрүүлнэ
Компанийн өнөөгийн нөхцөл байдлын талаар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Чагнаадорж ““Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь 2024 оны эхний 9-н сард толгой компанийн ТУЗ-өөс баталсан зорилтот түвшнийг мөрдлөг болгон ажилласан бөгөөд гангийн үйлдвэрлэл 100%-ийн биелэлттэй, уул уурхайн үйлдвэрлэлд, хөрс хуулалт 120%, хүдэр олборлолт 98%, хүдэр боловсруулалт 104%, баяжмал үйлдвэрлэлт 104%-ийн биелэлттэй ажилласан байна. Энэ хугацаанд гологдолгүй чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэлийн осолгүй, өмчийн эвдрэлгүй хөдөлмөр аюулгүй байдлыг бүрэн ханган үйлдвэрлэсэн. 2024 онд 1.8 сая тонн төмрийн хүдрийн баяжмалыг экспортлохоор төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 1.2 сая тонныг экспортлоод байна. Оны эцэст 600 мянган тонн төмрийн хүдрийн баяжмалыг хөрөнгийн биржээр арилжаалснаар Хуримтлалын санд 13.6 тэрбум төгрөгийг байршуулна” гэлээ.
ГАН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ:
Үйлдвэрийн 2024 онд 33.8 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөснөөс эхний 9-н сард 24.8 мянган тонныг төлөвлөж, гүйцэтгэлээр 24.9 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж 100%-ийн биелэлттэй байна.
БОРЛУУЛАЛТ:
2024 оны эхний 9-н сарын гүйцэтгэлээр төмрийн хүдрийн баяжмал 843.5 мянган тонн, цувимал бүтээгдэхүүн 19.7 мянган тонныг тус тус борлуулж нийт 231.7 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсон. 2024 оны эхний 9-н сарын зорилтот түвшинд 43.0 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөсөн бол гүйцэтгэлээр 42.9 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж төлөвлөгөөг биелэлт 99.8%-иар биелүүлж ажилласан.
ОРЛОГО:
2024 онд нийтдээ 406.8 тэрбум төгрөгийн орлого олохоор төлөвлөснөөс эхний 9-н сард 275.2 тэрбум төгрөг төлөвлөж, гүйцэтгэлээр 231.7 тэрбум төгрөгийн орлого олж 84%-ийн гүйцэтгэлтэй ажилласан байна. Улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх орлогын хувьд 2024 онд нийтдээ 54.7 тэрбум төгрөг төлөвлөснөөс эхний 9-н сард 35.8 тэрбум төгрөг төлөвлөж, гүйцэтгэлээр 36.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн.
ЦЭВЭР АШИГ:
Компанийн цэвэр ашгийн тухайд татварын дараах үзүүлэлтээр 2024 онд нийтдээ 51.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөснөөс эхний 9-н сард 43.0 тэрбум төгрөгийн ашиг төлөвлөж, гүйцэтгэлээр 42.9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. 2024 оны эхний 9-н сард татварын дараах үзүүлэлтээр 42.9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бол 4-р улиралд 8.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах тооцоотой байна. Ингэснээр жилийн дүнгээр нийтдээ 51.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж төлөвлөгөөгөөг 100% биелүүлэн ажиллахаар зорьж байна.