Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын “Орано Майнинг” компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаар 28 жилийн дараа эл төсөл урагшлахаар болов. Гэвч ураныг эсэргүүцэгчдийн байр суурь өнөөдөр ч намжсангүй. Харин ч бүр хүчтэй эсэргүүцэх нь нэмэгдэж, хүрээгээ тэлсээр байна. Цэнхэр үст Цэрэн, сэтгүүлч Б.Отгон,  Босоо хөх Монгол ТББ, Гал үндэстэн холбоо, Ногоон Хас ТББ, Голомт цөмийн эсрэг хөдөлгөөн, Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн зэргээр ураныг эсэргүүцэж талбай дээр жагсдаг, шүүх дээр гомдол гаргадаг хэсэг бүлэг хүмүүс цөөн биш.

Тэгвэл ураныг эсэргүүцэж буй хүмүүсийн талаар "Мон-Атом" ХХК-ын гүйцэтгэх захирал Д.Далайжаргал ноцтой мэдээлэл өгөв. Тэрбээр ураны хөрөнгө оруулалтын талаар сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр гадны захиалгаар ураныг эсэргүүцдэг гэсэн агуулгыг хэллээ. Д.Далайжаргал “Шар нунтагт аюултай цацраг байхгүй. Ураны хог хаягдлыг аюултай гэж үзэж үнэхээр санаа зовж байгаа бол аюултай хог хаягдлын асуудлаар улсын хэмжээнд сонсгол хийе гэдгийг Аж үйлдвэржилтийн байнгын хорооны дарга С.Ганбаатарт олон удаа хэлж, гуйсан. Авто засварын газраас гарч буй олон төрлийн шингэн, тос масло, дугуй, аккумлятор хаачдаг вэ. Гол руу асгадаг. Улаанбаатар, хөдөө орон нутагт памперсыг яаж устгадаг вэ.

Намайг гадаадад Элчин зөвлөхөөр ажиллаж байхад Монголыг хэн ч тоодоггүй байсан. Уулзая гэхээр “Юу ярих юм” гэж шууд асууна. Сүүлд өөрсдөө уулзая гэдэг болсон нь урантай холбоотой. Биднийг сэрүүн бүсийн “Бангладеш” гэж шоолдог байсан барууныхан өөрсдөө гуйж ирдэг боллоо. Энэ бол маш том ололт. Эдийн засаг солонгорох гол зүйл нь уран. Нүүрсний төслүүд зогсож, дэлхий нийтээр татгалзаж байна. Монголын хувьд нүүрсийг орлох дараагийн чухал хөрөнгө оруулалт нь уран.

Маш энгийнээр тайлбарлахад, MRI аппарат, кола, банана, пивонд баяжуулсан уран бий. Онгоцны цонх яагаад цантдаггүй вэ. Цацраг туяагаар үлээлгэдэг учраас цантдаггүй. Бидний амьдралд алхам тутамд уран бий.

Ураны эсэргүүцдэг хүмүүсийн нэг хэсэг нь Соросын сан буюу Нээлттэй нийгэм форумаас санхүүждэг. Энэ бол шүүх дээр нотлогдсон баримт. Тэдгээр хүмүүст 15-20 сая төгрөг өгөөд шүүх дээр маргаан үүсгүүлэх зорилготой. Нөгөө хэсэг нь ОХУ-аас санхүүждэг. Үүнийг гурван жилийн өмнө Баабар хэлсэн. Германаар гараад Японд байдаг Өмнөд Солонгос гаралтай эмэгтэйгээр дамжиж санхүүждэг. Энэ мөн л батлагдсан.

Ингэж гадны гар хөл болж байгаа хүмүүсийг манай цагдаа, тагнуулынхан шалгах ёстой. Манай байгууллагаас шалгаж өгөөч гэсэн хүсэлтийг тагнуулд байнга өгдөг. Удаа дараа хандсан” гэв.