Ирэх 5 жилд Монгол Улсын иргэдийг бүгдийг нь хууль сахиулах байгууллагаас царай таних камераар хянахаар болсон. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын 2020.08.28-ний өдрийн 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн 7.4.1-т “дэвшилтэт технологи бүхий камержуулалтын нэгдсэн системийг нэвтрүүлж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөхцөлийг сайжруулна” гэж заасан.  Мөн Монгол Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн 115-д “Дэвшилтэт технологи бүхий камержуулалтын нэгдсэн системийг нэвтрүүлэх” ажлыг Хууль зүй, дотоод хэргийн яам хариуцаж 2025 он хүртэл хэрэгжүүлэх, ингэхдээ 106,3 тэрбум төгрөгийг зарцуулах ба санхүүжилтийн эх үүсвэр нь гадаадын зээл, тусламж /хөнгөлөлттэй зээл/ байна гэжээ.  

Энэ нь Монгол Улс дахь бүх хүнийг гэмт хэрэгтэн байж магадгүй гэж сэжиглэж, камераар хянах нөхцөл болж байна. Иргэдийн хувьд хэрэг хийгээгүй мөртлөө хэрэгтэн мэт хэзээ, хаагуур явж байгаа, хэнтэй уулзаж байгаагаа байнга мөрдүүлэх нөхцөл байдалтай болохоор байна. Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг ярилцлагадаа “Холбогдох байгууллагууд шаардлагатай үед болон сэжигтэй тохиолдолд хүнийг царайгаар эсхүл хөдөлгөөн, үйлдэл, өндөр, нам, явдал гэх мэт шинж чанараар нь таних,  хайх боломжтой технологийг нэвтрүүлнэ” гэж хэлсэн.  Тэгэхээр энэ хяналтын камер нь зөвхөн царай биш, хүний хөдөлгөөн, үйлдлийг нь бас хянах нь ээ. Гэмгүй хүн хирнээ хэрэгтэн мэт царайтай, эвгүй хөдөлгөөнтэй хүнийг энэ камераар сэжиглэж, шалгах эрсдэлтэй болж байна. Энэ хяналтын камерын үйл ажиллагаа нь хүнийг мөрдөн мөшгиж байгаа хэрэг юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т зааснаар хүн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй, хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч мөрдөн мөшгихийг хориглоно.  Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах зохицуулалт бий.  Тус зүйлийн 21.5-д “Иргэний дүрсийг гэрэл зураг, кино, дүрс бичлэгийн хальс, хөрөг зураг болон бусад хэлбэрээр өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн, олон нийтэд үзүүлснээс гэм хор учирсан гэж үзвэл тухайн этгээд гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй” гэж, 21.6-д “Иргэний нийгэмд эзлэх байр суурьтай холбогдуулан түүнийг сурталчлах зорилгоор болон сургалт, эрдэм шинжилгээний ажил, ажил хэргийн хүрээнд олон нийтийг хамарсан үйл ажиллагааны явцад уг этгээдийг дүрсэлсэн, эсхүл тухайн этгээд өөрийгөө дүрслүүлсний төлөө хөлс, шан харамж авсан бол түүний зөвшөөрөл шаардагдахгүй” гэж тус тус заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-т энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч мөрдөн мөшгихийг хориглоно гэж заасан.  Мөн тус хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааг зөвхөн прокурорын зөвшөөрлөөр явуулна. Эрүүгийн хуулийн 13.12 дугаар зүйлд мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан.  Мөн эрх бүхий албан тушаалтан хувийн зорилгоор албаны техник хэрэгслийг ашиглан бусдыг мөрдөж мөшгисөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Эндээс үзэхэд, хүний нэр төр, алдар хүндийг хамгаалахын тулд Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Эрүүгийн хуульд дараах шаардлага тавьсан байна.

- Хүнийг мөрдөн мөшгиж болохгүй.

- Хүний дүрс буюу царайг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр дүрс бичлэгт буулгаж болохгүй.

- Прокурорын зөвшөөрөлгүйгээр хүнийг техник хэрэгсэл /царай таних камер/ ашиглан мөрдөн мөшгиж болохгүй.

Энэ нь зөвхөн дотоодын хууль тогтоомжоор тогтоосон шаардлага бус, олон улсын эрх зүйн хэм хэмжээ юм. Тодруулбал, Монгол Улс “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт”-ад 1968.01.05-нд гарын үсэг зурж, 1974.11.18-нд соёрхон баталсан.  Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 17 дугаар зүйлд хүний халдашгүй байх эрхийг “Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн буюу хууль бусаар оролцох, орон байранд нь буюу захидал харилцааных нь нууцад дур мэдэн буюу хууль бусаар халдах, эсхүл нэр төр, алдар хүндэд нь хууль бусаар халдахыг хориглоно. Хүн бүр тийм оролцоо, халдлагаас хуулиар хамгаалуулах эрхтэй” гэж зохицуулсан.  Энэ заалтыг 1988 онд НҮБ-ын Хүний эрхийн хорооны 32 дугаар чуулганаар баталсан Ерөнхий зөвлөмжид тайлбарлажээ.  Энэхүү тайлбарт дурдсанаар,

- “Хорооны үзэж буйгаар энэхүү халдашгүй чөлөөтэй байх эрх нь төрийн эрх бүхий байгууллага, хувь хүн, хуулийн этгээд зэрэг хэн бүхнээс дур зоргоор, хууль бусаар халдахаас хамгаалсан баталгаа юм. Энэхүү баталгааг бүрдүүлэхийн тулд төрөөс хууль тогтоомж батлах, бусад үр дүнтэй арга хэмжээ авах үүрэгтэй. …

- ‘Хууль бус’ гэдэг нь хуульд зааснаас бусад тохиолдолд хөндлөнгөөс оролцох боломжгүй гэсэн үг юм. Улс орнуудын зөвшөөрөгдсөн хөндлөнгийн оролцоо нь зөвхөн Пактын заалт, зорилго, зорилтод нийцсэн хуулийн үндсэн дээр л явагдаж болно. …

- Хорооны үзэж байгаагаар ‘хөндлөнгөөс дур мэдэн оролцох’ ойлголт нь хуульд заасан хөндлөнгийн оролцоонд мөн хамаарна. Хуульд заасан үндэслэлтэй байх нь халдашгүй байх эрхэд халдах бүх халдлагыг зөвтгөхгүй бөгөөд тийнхүү халдах тохиолдол бүрийг зайлшгүй байсан эсэхэд үндэслэж дур зоргоороо авирласан эсэхийг тогтооно. …

- Хууль ёсны хөндлөнгийн оролцоо нь Пактад нийцсэн байсан ч холбогдох хууль тогтоомжид тэрхүү хөндлөнгөөс оролцох боломжтой нөхцөл байдлыг нарийвчлан зааж өгөх ёстой. Ийм эрх бүхий хөндлөнгийн оролцоог зөвхөн хуульд заасан эрх бүхий байгууллага хэрэг тус бүрийн хүрээнд шийдвэрлэнэ. … Эрх бүхий төрийн байгууллага хүний хувийн амьдралтай холбоотой мэдээллийг зөвхөн Пактад заасны дагуу нийтийн ашиг сонирхолд зайлшгүй шаардлагатай болох нь тодорхой нөхцөлд гаргуулж авч болно. …

- Утас, телефон, бусад хэрэгслээр дамжих харилцан яриаг хөндлөнгөөс сонсох, бичлэг хийх зэргээр цахим болон бусад хэлбэрээр тагнахыг хориглоно. …

- Төрийн байгууллага, хувь хүн, байгууллага хэн байхаас үл хамааран компьютер, өгөгдлийн төхөөрөмж болон бусад төхөөрөмж дээр хувийн мэдээллийг цуглуулах, хадгалахыг хуулиар зохицуулах ёстой. …

- Хүний хувийн амьдралтай холбоотой мэдээллийг хүлээн авах, боловсруулах, ашиглах, хуулиар зөвшөөрөөгүй хүмүүсийн гарт хүргэхгүй байхын тулд улс орнууд үр дүнтэй арга хэмжээ авах бөгөөд эдгээр нь хэзээ ч Пакттай үл нийцэх зорилгоор ашиглагдах ёсгүй. Хувь хүн бүр түүний файлыг төрийн захиргааны байгууллага, хувь хүн, байгууллага хянаж буй эсэх, эсвэл хянах боломжтой эсэхийг тогтоолгох боломжтой байх ёстой. Хэрэв эдгээр файл нь хувийн алдаатай мэдээллийг агуулсан, хуульд заасныг зөрчиж цуглуулсан, боловсруулсан бол хүн бүр түүнийг засуулах, устгуулах хүсэлт гаргах эрхтэй.”

НҮБ-ын Хүний эрхийн хорооноос холбогдох гомдлыг хянан хэлэлцэж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 17 дугаар зүйлийг зөрчсөн гэж дүгнэсэн 1981-2019 оны 100 орчим шийдвэр бий.  Голландын иргэн Н.К-гийн зүгээс түүний халдашгүй байх эрхийг Нидерланд улс зөрчсөн гэж үзэж Хороонд 2013.12.10-ны өдөр гаргасан гомдлыг Хорооноос холбогдох журмын дагуу хянан хэлэлцэж, 2017.07.18-ны өдөр шийдвэр гаргажээ. Хорооны зүгээс, хүний ДНХ-ийн материалыг хэрэг мөрдөн шалгах ажиллагааг үр дүнтэй болгох зорилгоор ирээдүйд ашиглагдах мэдээллийн сангийн зориулалтаар цуглуулах, хадгалах нь Пактын 17 дугаар зүйлд заасан гомдол гаргагчийн халдашгүй байх эрхэд “хөндлөнгөөс оролцох” зөрчилд хамаарна гэж үзжээ. Хорооны зүгээс дээрх үйлдэл буюу хөндлөнгийн оролцоо нь дотоодын хууль тогтоомжоор хууль ёсны байж болох ч, Эрүүгийн хуульд заасан хүнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тийм гэмт хэргийг мөрдөн шалгах хууль ёсны зорилгод зохих хэмжээнд дүйцэхгүй байна гэж дүгнэжээ.

Хүний царай нь ДНХ-тэй адил хүний давтагдашгүй буюу онцгой өгөгдөл юм. Европын холбооны “Өгөгдөл хамгаалах ерөнхий зохицуулалт”-ын 4 дүгээр зүйлийн 14-т зааснаар хувийн давтагдашгүй өгөгдөл гэдэгт хүний ДНХ, хурууны хээ, бичгийн хэв, царай төрх, алхаа, дуу хоолойн мэдээлэл багтана.  Эндээс дүгнэж үзэхэд, хүний царайг камераар таньж, хянахын тулд тэрхүү ажиллагаа нь хууль ёсны байх, зайлшгүй шаардлагатай байх, тохиромжтой байх гэсэн гурван шаардлагыг нэгэн зэрэг хангаж байх ёстой. Үүнтэй холбоотойгоор хүнийг царай, хөдөлгөөнөөр нь хянах камер хэр зөв, алдаагүй ажилладаг вэ, хүнийг хэлмэгдүүлэх эрсдэл бий юу, заавал царай таних камер ашиглах шаардлагатай юу гэх асуудал гарч ирж байна.

- АНУ-ын Үндэсний стандарт, технологийн институтээс тус улсад ашиглаж байгаа царай таних технологийн үйл ажиллагаанд иж бүрэн судалгаа хийхэд, Ази, Африкийн хүмүүс болон уугуул америкчуудын царайг буруу таньдаг, улмаар ийм хүмүүсийг хэлмэгдүүлэх эрсдэлтэй гэдэг нь нотлогдсон.  

- Их Британийн independent.co.uk сайтад энэ оны 3 дугаар сард гарсан мэдээллээр, Лондонд 1 хүнийг баривчлахын тулд 13,200 хүний царайг сканардсан байна. ‬‬‬ Энэ нь царай таних технологийн алдаа гаргах магадлалыг илэрхийлсэн нэг үзүүлэлт юм.

- Мөн Их Британид энэ оны 8 дугаар сард Давж заалдах шатны шүүхээс “хууль сахиулах байгууллагын зүгээс царай таних камер суурилуулж ашиглах нь хүнийг мөрдөн мөшгиж буй хэрэг бөгөөд хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж байна” гэж шийдвэрлэжээ.  Австрийн Үндсэн хуулийн шүүхээс мөн 2019.12.11-нд төстэй хэргийг адил үндэслэлээр “Үндсэн хууль зөрчсөн” гэж шийдвэрлэсэн байна.

- Энэ оны 9 дүгээр сард АНУ-ын Портланд хотын зөвлөлөөс царай таних камерыг төрийн байгууллагууд төдийгүй хувийн хэвшил ашиглахыг хориглолоо. Өмнө нь АНУ-ын Бостон, Сан-Франциско, Окланд хотуудад зөвхөн төрийн байгууллагад царай таних камер ашиглахыг хориглоод байв.

- Түүнчлэн Амазон, Майкрософт, АйБиЭм зэрэг технологийн томоохон компаниуд царай таних технологийг хууль сахиулах байгууллагуудад худалдахаа больж, түдгэлзээд байна.

- Энэ оны 9 дүгээр сарын эхээр Өвөрмонголд “Эх хэлээ аваръя” тэмцэлд оролцож буй өвөр монголчуудын нүүр царайг камераар таньж, тэдний зургийг, нэр усын хамт өнгөтөөр хэвлэн тарааж, мэдээллийг нь хуваалцсан хүмүүст өндөр шагналтай гэсэн заруудыг тарааж, улмаар жагсагчдыг баривчилж эхэлжээ.

Энэ мэтээр царай таних камер ашиглах нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчих үр дагавартай тул түүнийг улс орнууд, байгууллагууд ашиглахаас татгалзсаар байхад Монгол Улсад яагаад царай таних камер ашиглах гэж зүтгээд байна вэ?

Нийслэлийн засаг даргын тамгын газрын мэдээллээс үзэхэд, царай таних камер суурилуулснаар Улаанбаатарт гэмт хэргийн гаралт 40-50 хувь буурах боломжтой гэж үзжээ.  Гэвч нийслэлд хулгайн гэмт хэргийн 5 хувийг теле камераар илрүүлж, нотлох баримтаар ашиглаж байна.  Энэ нь гэмт хэрэг ихэвчлэн ил үйлдэгдэггүй, нууц, далд аргаар үйлдэгддэг бөгөөд гэмт хэргийн гаралт багасахад царай таних камер шууд хамааралгүй болохыг харуулж байна.

Энэ оны 1 дүгээр сард TheDiplomat.com сайтад гарсан нийтлэлд БНХАУ-ын Нийгмийн үнэлгээний систем буюу тухайн улсын иргэдийн аж амьдрал, үйл хэргийг үнэлж, тэрхүү үнэлгээгээр нийгмийн статусыг нь тодорхойлдог тогтолцоог Төв Азийн орнуудад /Казахстан, Киргизстан, Монгол/ нэвтрүүлж байна уу гэх асуудлыг хөндсөн.  Энэ нийтлэлд ОХУ-ын эрдэмтэн доктор Владимир Овчинскийгийн ярилцлагыг дурджээ. Оросын эрдэмтэн ярилцлагадаа баталснаар 2020 онд Монгол Улсын иргэдийн болон албаны мэдээллийг БНХАУ-ын албаны хүмүүс хүлээн авч, боловсруулах эрсдэлтэй болсон. Энэ үйл явц 2018 оны 10 дугаар сараас эхэлсэн бололтой. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр 2020 онд “Улаанбаатaр хот, аймгийн төвийн гудамж талбайг камержуулах төсөл”-д 28.5 сая ам.долларыг Хууль зүй, дотоод хэргийн яам хариуцан зарцуулахаар болсон байна.  Эдийн засагчдын хувьд гадаадын, ялангуяа БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачлагын хүрээнд зээл, тусламж авахдаа болгоомжтой хандах, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, түүний санхүүжилт, хэрэгжилтийн ил тод байдлыг хангах, иргэний нийгмийг оролцуулах нь чухал болохыг онцолсон байна.

Эндээс, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсад суурилуулж ашиглах царай таних камерыг БНХАУ-аас авах уу?, тэдгээр хүний нүүр царай, хөдөлгөөн, үйлдлийг хянах чадалтай хяналтын камерын мэдээллийн санг өөр зорилгоор ашиглахгүй байх баталгаа бий эсэх? тэрхүү мэдээллийн санг гаднын халдлагаас бүрэн хамгаалах боломжтой эсэх? зэрэг асуулт гарч ирж байна.

Монгол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.6.1.8-д “Мэдээллийн аюулгүй байдлын орчин үеийн дэвшилтэт, өртөг багатай шийдлийг зөвхөн эрсдэлийн үнэлгээний үндсэн дээр сонгон ашиглана. Төрийн байгууллага, онц чухал дэд бүтцийн объектын мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг өндөр түвшинд бэлтгэгдэж, итгэмжлэгдсэн үндэсний мэргэжилтнээр гүйцэтгүүлнэ” гэж заасан.  Гэвч, Засгийн газраас “дэвшилтэт технологи бүхий камержуулалтын нэгдсэн системийг нэвтрүүлэх”-дээ буюу царай таних камер сонгохдоо эрсдэлийн үнэлгээ хийсэн эсэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Царай таних камержуулалтын нэгдсэн систем нь одоогоор төлөвлөгөөний шинжтэй бөгөөд холбогдох хууль батлагдаагүй байна. Тодруулбал, Хувийн өгөгдөл хамгаалах тухай хууль, Мэдээллийн аюулгүй байдлыг хангах тухай хууль батлагдаагүй нөхцөлд царай таних камерыг ашиглаж болохгүй. Гэвч, Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын чуулганаар хэлэлцэх асуудалд дээр дурдсан хуулийн төслүүд тусгагдаагүй байна.

Тэгэхээр Монгол Улсын хувьд энэ царай таних технологи бүхий хяналтын камерын үйл ажиллагааг хэт хавтгайруулахгүй байх, зөвхөн шүүх, прокурорын болон олон нийтийн онцгой хяналтын дор тодорхой нэг хэргийн хүрээнд маш хатуу чанд нөхцөлтэйгөөр ашиглаж болохыг зөвшөөрсөн тусгайлсан зохицуулалттай болоогүй нөхцөлд “дэвшилтэт технологи бүхий камержуулалтын нэгдсэн систем”-ийг дэмжих боломжгүй байна. Монгол Улсын Засгийн газраас царай таних камер суурилуулахтай холбоотой бүхий л үйл ажиллагаанд ил тод байдлыг хангах, иргэний нийгмийн оролцоог хангах зайлшгүй шаардлагатай байна.

2020.09.19