Тэрээр 1982 оны 06-р сарын 25-нд БНСУ-д улсад төрсөн. Дуучин, ая зохиогч бүжигчин, мөн дээрээс нь жүжигчин гээд авьяас билэг нь дундаршгүй нэгэн билээ. Тайзны нэр болох “Rain” гэх нэрээ бүх хүний дээрээс бороо мэт асгарах болно хэмээх утгатайгаар өгсөн байна. Тэрбээр багаасаа л хөгжимд сонирхолтой нэгэн байсан нь хожим хойно түүнийг энэ их амжилт руу хөтөлжээ. Урлагт хөл тавиад эхний жилүүддээ царайны төрх чинь К-ПОП шүтээн байхад тохирохгүй хэмээн олон агентлагаас татгалзсан хариу авч байсан гэдэг. Гэсэн хэдий ч бууж өгөлгүй хичээсээр “JYP” агентлаг түүний хичээл зүтгэлийг үнэлж анх дадлагажигч, тайзны арын бүжигчнээр элсүүлсэн юм. Хичээл зүтгэл ч талаар өнгөрсөнгүй агентлагт элсээд удалгүй 2002 онд өөрийн бие даасан анхны цомог “Bad Guy”-аар анх К-ПОП-д хөл тавьж од болох замнал нь эхэлжээ. Тус цомог нь 138,000 гаруй хувь борлуулагдаж байсан.  

“It’s Raining” цомог 2004 онд гарснаар түүний карьер үлэмж хэмжээгээр өссөн.

Мөн 2009 онд “Ninja Assassin” гэх Холливудын кинонд тоглож кино ертөнцөд ч багагүй нэр алдартай болсон юм.

Тэгвэл “Rain” Монголд хүрэлцэн ирж энэ намрын хамгийн том шоу болох “Super Concert”-н тайзнаа гарч үзэгчдийг байлдан дагууллаа. Түүнтэй хамт Солонгосын алдарт “2ne1” хамтлагийн гишүүн “Sandara, реппер Bloo” нар цуг тайзыг доргиосон халуухан тоглолт өнгөрсөн ням гарагт болж өнгөрлөө.  

Тэрбээр Монголд дахин дахин ирэх хүсэлтэй байгаагаа хэлжээ.

Н. Мягмардорж