Манлайлах чадвар гэдэг хүн бүрт заяадаг өгөгдөл биш. Харин О.Гэрэлт-Од өөрийн манлайллыг нэгэнт харуулаад амжчихсан хүн. Тэрбээр Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ердөө нэг жил зургаан сарын хугацаанд ажиллахдаа нийгэмд нөлөөлсөн олон санаачилга өрнүүлж, үр дүнд хүргэсэн. Энэхүү хоёр жил ч хүрэхгүй хугацаа нь яг “Ковид-19” цар тахлын хорио цээр, хүндрэлтэй нөхцөлтэй давхцаж таарсан атал О.Гэрэлт-Од чамгүй олон ажил амжуулж чадсан нь түүний хурд, сэтгэлгээ, гүйцэтгэл, овсгоо самбааг хангалттай илэрхийлэх баримт юм.

О.Гэрэлт-Одын сэтгэмж, үйлдлүүд нь цочир, сонин, содон байдаг онцлогтой л доо. Энэ нь түүний зорилгодоо хүрэх арга тактикийг л илэрхийлэхээс бус, түүний жинхэнэ мөн чанарыг илтгэх нь ховор. Энд хоёрхон жишээ иш татъя.

Эхний жишээ. Тэр бол нийгмийн болж, бүтэхгүй байгааг соргог анзаардаг, түүнд шүүмжлэлтэй хандаж, өөрчлөх гарц, шийдлийг үргэлж бодож явдаг төрлийн хүн юм. Тийм ч учраас 1990 оноос хойш улс орныг удирдаж ирсэн улстөрчдөд тэр шүүмжлэлтэй хандаж, хөгжлийн төлөө юу ч хийж чадаагүйг нь гайхан дургүйцдэг байж. Ингээд энэ үзэл бодлоо илэрхийлсэн ном бичихээр шийджээ. Түүний бичсэн ном нийгэм, олон нийтийн өмнө хамгийн том шүүмжлэлийг тавьж чадсан юм. Үнэхээр ч номыг үзсэн хүн бүр 1990-2020 он хүртэлх Монгол Улсын 30 жилийн хөгжлийн нууцыг танин мэдэж, ойлгон ухаарч, улсынхаа удирдагч нарт үнэн голоосоо зэвүүцэн дургүйцэж, шоолон егөөдөж байлаа. О.Гэрэлт-Од ном бичсэн зорилгодоо хүрсэн гэсэн үг. Үнэндээ “Монголын хөгжлийн нууц” нэртэй ном нь нэг ч үг, үсэг бичигдээгүй хоосон цаас бүхий байдлаар хэвлэгдсэн юм. Өнгөрсөн хугацаан дахь Монголын хөгжил яг л энэ хоосон цаас шиг байна гэсэн ёжлол, егөөдлийг тэр ийнхүү илэрхийлжээ. Энэ бол сэтгэлгээний өөр тал, үр дүнд төвлөрсөн гоц сэтгэлгээ юм.

Удаах жишээ. Тэрбээр Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчийн хувиар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн орон тооны бус зөвлөхөөр томилогдоод байлаа. Мэдээж залуучуудын асуудал хариуцсан зөвлөх нь учраас Ерөнхийлөгчтэй уулзаж, архидан согтуурах үзэгдэлтэй хэрхэн тэмцэх талаар санал бодлоо солилцож. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх архидалттай тэмцэхийн тулд архины хатуулаг буюу градусыг бууруулах зарлиг гаргахаар төлөвлөж байгаагаа хэлсэн байна. Гэвч энэ асуудлыг нийгэм, олон нийтийн анхааралд хүргэхгүйгээр хийх бололцоогүй, архи үйлдвэрлэгч компаниудын эсэргүүцэл, лобби хүчтэй байгаа талаар ярьж, Монголын залуучуудын төв байгууллагын хувьд энэ тал дээр дэмжлэг болохыг О.Гэрэлт-Одод чиглэл болгож л дээ. Тухайн үед Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль УИХ дээр очоод батлагдахгүй гацчихсан байлаа.

Эндээс О.Гэрэлт-Од архидалттай тэмцэх хэрэгцээ шаардлагыг олон нийт, нийгмийн анхааралд оруулах гол зорилготой гарч ирэв. Ингээд түүний бодож олсон шийдэл нь үнэнхүү мэргэн, бас оновчтой байж чадсан. Тэр гарч ирээд, хэвлэл мэдээллийнхнийг дуудангуутаа тэдний нүдэн дээр архи асгаж үзүүлэх нь тэр. Түүний хийсэн үйлдэл ердөө л энэ. Тэгтэл үр дүн нь хэний ч бодож тооцоолоогүй байдлаар өрнөлөө. Хүн бүр “Архидалттай архи асгаж тэмцдэггүй юм” гэж шоолж, харин архидалттай ингэж тэмцэх ёстой гэх үзэл бодол, санал хандлагын уралдаан нийгмийг хамрах нь тэр ээ. Мань О.Гэрэлт-Одын хийхийг хүссэн зүйл нь ерөөсөө л энэ байсан учраас тун удалгүй архины хатуулгыг бууруулах Ерөнхийлөгчийн зарлиг гарч, УИХ-аар ч архидан согтуурахтай тэмцэх тухай хууль саадгүй батлагдсан юм. О.Гэрэлт-Од үр дүнг ингэж л урьдчилан тооцоолж, стандарт бусаар сэтгэж, тэр сэтгэлгээгээ ч зоригтой үйлдэл болгож чаддаг нэгэн. Тус хуулийг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлээд 2024 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд монголчуудын архины хэрэглээ хоёр сая литрээр багассан байдаг. Дахин хэлэхэд, энэ бол ховор өгөгдөл. Ухаалаг, уран байхын урлаг юм. О.Гэрэлт-Одын сэтгэлгээний ондоо байдлыг илтгэх бас нэг баримтыг энд дурдахгүй бол боломгүй.

2021 оны зун. “Ковид 19” цар тахлаас үүдэлтэй хорио цээр, хүндрэл бэрхшээлд улс орноороо хөл борхирсон хүнд хэцүү цаг. Тэр үед монголчууд 1921 оноос хойш тасраагүй үндэсний их баяр наадмаа хийж чадахгүй байдалтай тулгарсан юм. “No naadam” гэх хөдөлгөөн үүсэж, жагсаал, цуглаан хийснээр төрийн наадмыг цуцалж орхив. Зарим нь тэрхүү хөдөлгөөнийг гадны явуулга, гар хөл бологсдын хэрэгжүүлсэн акц байсан ч гэж үздэг. Ямар боловч Монгол Улсын төрт ёсны их уламжлал, үндэстний дархлаа болсон баяр наадмаа хийж чадахгүйд хүрэв. Үүний эсрэг хэн ч, юу ч хийх боломжгүйд арга барагдан, дэмий л шогшрон гаслахаас өөр үйлдэлгүй сууцгааж асан цаг.

Гэтэл О.Гэрэлт-Од хэний ч сэтгээгүй, сэдээгүйг сэдэж, монгол наадмаа тасалдуулахгүй байх мэргэн арга сийлээдэхлээ. Тэрбээр Монголын залуучуудын 100 жилийн ой гэдэг нэрийдлийн дор баяр наадмаа зохион байгуулж, өв уламжлалаа тасалдуулахгүй хадгалж үргэлжлүүлж авч үлдэж чадсан юм. Яг л төрийн наадамтай адил 512 бөх барилдаж, 800 харваач улс орны өнцөг булан бүрээс ирж наадлаа. “Үндсэн нэрээр нь наадмаа хийж болохгүй юм бол өөр нэр оноогоод л хийчихье” гэж тухайн үед өөр хэн ч сэтгээгүй юм даг.

О.Гэрэлт-Од ийм л ондоо залуу юм. Зам дагаж гэлдэрдэг биш, замгүй газар ч зам гаргаж, харанхуйд ч гэрэл сийлдэг нэгэн. Магадгүй энэ нь одонд л байдаг хувь заяа гэж санагдана.

Д.ДАМДИНЖАВ