Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл хийсэн юм. Тэрээр “АН-ын бүлэг хоёр асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын удирдлагуудтай уулзаж, мэдээлэл сонссон. Төсөв хэлэлцэж байгаа. Төсвөөс гадна төрийн оролцоотой чухал салбар байдаг нь Төрийн өмчтэй холбоотой харилцаа.

2022 онд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 53 их наяд байсан бол төрийн өмч 60 их наяд байсан байна. Тэгэхээр дотоодын нийт бүтээгдэхүүнээс их хэмжээний хөрөнгө Төрийн өмчийн бодлого зохицуулах хороон дээр байна. Үүний үр ашгийг ярих юм бол хэцүү. 2024 оны дүнг үзвэл улсын төсвөөс гурав дахин их шахам мөнгө Төрийн өмч дээр эргэлдэж байна. Энэ тал дээр Ардчилсан намын бүлгийн зүгээс Ажлын хэсэг гарган ажиллана.

Ардчилсан намын бүлэг төсөвт шүүмжлэлтэйгээр хандаж ирсэн. Энэ жилийн төсөв бол Монгол Улсын түүхэн дэх хамгийн том төсөв. Хамгийн олон сайд, яам ажилчидтай. Гурван нам эдийн засаг, бизнес дэх төрийн оролцоог бууруулна гэж гарын үсэг зурсан. Гэсэн ч бодит байдал дээрээ төрийн оролцоог эрс нэмэгдүүлээд явж байна. 2025 оны төсвийн төсөлд АН-ынхан эсрэг байр суурьтай байгаа” гэлээ. Мөн бүлгийн хуралдаанаар сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй холбоотой асуудлыг хэлэлцжээ.

Энэ талаар бүлгийн дарга О.Цогтгэрэл

“Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурал энэ долоо хоногт болно. Сэтгүүлчийг 20 гаруй асуудлаар тодорхой хуулийн байгууллагаас шалгасан байна. Тэгэхээр нэгээс бусад нь хаалттай шүүх шаардлагагүй асуудал. Манай намын бүлгийн зүгээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурлыг нээлттэй явуулах ёстой гэх байр суурийг илэрхийлж, санал гаргасан”

гэлээ.