1924 онд баталсан анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож буй. Үүнийг тохиолдуулан өнгөрсөн баасан гарагт “Монгол Улсын Үндсэн хуулийн 100 жилийн товчоон” бага хурал болж, манай Үндсэн хуулиуд цаг үеийн шаардлагаар хэрхэн хувьсан өөрчлөгдсөн талаар салбарынхан нь ярилцав. Монголд үйл ажиллагаа явуулж ирсэн Германы Фридрих-Эбертийн, Конрад-Аденаурын болон Ханнс-Зайделийн сангаас зохион байгуулсан эл хурлын үеэр “Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн тогтвортой байдал” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүн, хуульч Х.Тэмүүжин, Монголын хуульчдын холбооны Үндсэн хуулийн эрх зүйн хорооны тэргүүлэгч гишүүн В.Удвал, хуульч, судлаач Д.Үүрцайх, Үндсэн хуулийн хүрээлэнгийн захирал Х.Сэлэнгэ нар панелистаар оролцон, байр сууриа илэрхийлсэн юм. Хөтлөгчийн тавьсан асуултад тэд хэрхэн хариулсныг цувралаар хүргэж, үүгээр өндөрлөж байна.

Үндсэн хуулийн тогтвортой байдалд эдийн засгийн нөхцөл байдал яаж нөлөөлдөг вэ. Эдийн засаг, хөрөнгө оруулалтаа өсгөхийн тулд Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах ёстой юм бэ?

Эрх мэдэлтэй холбоотой асуудал л Үндсэн хуулийн хамгийн том дайсан

Х.Тэмүүжин (УИХ-ын гишүүн, хуульч): -Эдийн засаг, бүтээн байгуулалтаас болж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь хэр зөв, эсэхийг мэдэхгүй. Харин Үндсэн хууль дахь агуулга нь иргэний эдийн засгийн эрх чөлөөтэй зөрчилдөж байгаа бол түүнийг нь сайжруулах тухай ярьж болох юм. Засгийн газар төмөр замаа нарийн царигтай барина гэсэн шийдвэр гаргах гэсэн чинь төмөр замын асуудал хариуцсан сайд нь энэ шийдвэрийг гаргуулахгүйн тулд Засгийн газарт орж ирээгүй. Ингээд хууль зүйн болон эдийн засгийн хөгжил хариуцсан сайд нар УИХ-аар холбогдох тогтоолыг батлуулж байв. Удалгүй уг тогтоолыг хүчингүй болгох санаачилга гаргаж, хамгийн эмгэнэлтэй нь Үндсэн хуулийн цэцээр эл маргааныг шийдвэрлэж, Н.Удаанжаргал гэдэг хүнийг Хөдөлмөрийн баатар цолоор шагнасан.

Хоёрдугаарт, ойлголтуудын хувьд 1999 болон 2000 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн үеэр нэг том маргаан өрнөсөн. Үндсэн хуульд хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа юм уу гэдэг асуулт гарч ирсэн. Хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа гэвэл тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабанди хориг тавих гэж байсан. Хууль, УИХ-ын бусад шийдвэрт хориг тавих эрхийг Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгосон учраас уг нэмэлт, өөрчлөлтийг хуулиар хийнэ гэвэл Төрийн тэргүүнд хориг тавих эрх бий, эсэхийг тойрч маргасан. Тухайн үед жин дарж байсан хандлага нь Үндсэн хуульд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр л өөрчлөлт оруулна, үүнийг хууль гэж нэрлэж болохгүй гэх ойлголт байсан. Харамсалтай нь, төд удалгүй эл ойлголтоосоо буцаж, нөгөө тийш савласан. Хууль биш гээд хэлчихвэл Цэц хууль болон УИХ-ын бусад шийдвэр Үндсэн хууль зөрчсөн бол хяналт тавих эрх мэдлээ алдах гэж байгаа юм байна гээд байгууллагын амбиц гаргасан. Нөгөө талаас үүнийг хууль гэж үзэх ёстой гэсэн хандлага гаргасан учраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төслийг бичсэн юм. Сүүлд шийдвэрлэсэн хоёр ч маргаанд хууль мөн, эсэхтэй холбоотой маргаан гарсан шүү дээ. Яагаад гэвэл, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн адил хүчинтэй гээд үүнийг хавьгүй өндөр ирц, хувиар батлахаар хэлэлцүүлгийг нь тусад нь гаргаж, хууль гэж нэрлэхгүй байх зохицуулалттай болгосон. Гэтэл нэг хүн Ерөнхийлөгчөөр үлдмээр байна гэсэн юм уу, бүү мэд, Ерөнхийлөгчийг нэг удаа сонгоно гэсэн заалт нь Үндсэн хуулийг зөрчсөн, үзэл санаа руу нь халдсан гэсэн “ажиллагаа” дахин явуулаад эхэллээ.

Бидний хувьд эдийн засагтай холбоотой асуудалд санаа зовох хэрэггүй. Эрх мэдэлтэй холбоотой асуудал л Үндсэн хуулийн хамгийн том дайсан юм. Хэн нэгэн эрх мэдэлтэй үлдэж, хугацааг нь сунгах гэж оролдох, эсвэл улс төрийн эрх мэдлээр дамжуулан эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэх гэж оролддог, үгэнд нь орохгүй байгаа шүүгч нарыг ҮАБЗ-д авчраад “Зөвлөмж гарсан учраас шүүгчийн албан тушаалд байх ёсгүй” гэж хэлэх гэж адгадаг эрх мэдэл нь өөрөө Үндсэн хуулиар тоглоод байна. Гэтэл Үндсэн хууль бол иргэний үндсэн эрхийг хамгаалахаас гадна төрийн эрх мэдлийг сөрж зогсох хамгийн чухал хэрэгсэл юм шүү дээ. Харин энэ чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй байгааг бид бодолцох ёстой. Яагаад эрх мэдэл төвлөрч, түүнийг зогсоох хүч Үндсэн хуулиас гарахгүй байна, үүнийг ажиллуулах ёстой Цэц нь юуны учир улстөрчдийн тоглоомын нэг хэсэг болж хувирав. Иймд Цэцийг яаж сайжруулж болох вэ. Энэ чиглэлээр дэвшүүлсэн олон үзэл санаа, үйл хэргийг нурааж байсан. Шалтгаан нь бас л энэ байгууллагын амбицтай холбоотой. Гэхдээ одоо Цэцэд Үндсэн хуулийн мэргэжилтнүүдийг олноор томилсон учраас итгэж байна. Цэц улстөрчдийн гар, хөл болохоос илүүтэй судалсан, итгэсэн шинжлэх ухаан, онолын байр суурьтаа хатуу зогсож чадах гишүүдтэй болсон. Иймд энэ удаа Цэц Үндсэн хуулийн манаач, түүнийг сахиулах дээд хүч болохын хувьд улс төрийн эрх мэдлийг сөрж зогсох хэмжээнд ажиллан, улстөрчдийн тоглоом болохгүй гэдэгт итгэж байна.

Түүнчлэн УИХ-ын хуралдааныг удирдан зохион байгуулах үүрэгтэй УИХ-ын дарга ҮАБЗ-д багтаж, парламентаас гадна шийдвэр гаргаад байна. Энэ нь нэг талаас эрх мэдлийн хуваарилалтыг эвдэж байна. Нөгөө талаас олонх, цөөнхөөр шийдвэр гаргадаг парламентын дарга нь өөр газарт очоод шийдвэр гаргадаг байж болохгүй. Үүгээр засаглалын гол мөн чанарыг гээгдүүлж байна. 126 гишүүн бүгд ижил эрхтэй. Гэтэл нэг нь төрийн тусгай хамгаалалттай, ҮАБЗ-өөс мэдээллийг урьдчилж аван, шийдвэр гаргаж, тэнгэрийн амьтан шиг дээрээ ингэх ёстой хэмээн тулгаж болохгүй. Үндсэн хууль үүнийг засах чиглэлд ажиллаж чадах уу. Ийм асуудлаар Цэцэд хандвал хэрхэн шийдэх бол.

Цэцийн шийдвэрийг биелүүлэх, эсэх нь дур зоргын хэрэг болоод байна

В.Удвал (Монголын хуульчдын холбооны Үндсэн хуулийн эрх зүйн хорооны тэргүүлэгч гишүүн): -Цэц Үндсэн хуулийн үзэл санааг шийдвэрээрээ тайлбарладаг. Ардчилсан Үндсэн хуулийн нэг чухал үзэл санаа нь өмчтэй холбоотой ч өнөөдрийг хүртэл энэ ойлголтыг нэг мөр болгож чадахгүй байна. Иймд цаашид энэ чиглэлээр ажиллах ёстой.

Мөн Цэцийн шийдвэрийг биелүүлэх, эсэх нь дур зоргын хэрэг болоод байна. Үндсэн хууль улстөрчдийн дур зоргыг хаах үүрэгтэй атал чадахгүй байгааг шийдвэрлэж, тодорхой хандах ёстой.

Бидний алдсан боломж ямар их гээч

Д.Үүрцайх (хуульч, судлаач): -Бид Үндсэн хуулиараа эрх зүйт төр байгуулахаар зорьж буй. Энэ бол эрх зүйн хэм хэмжээ нь тогтвортой, хүний эрхийг хязгаарладаггүй, эрх мэдлийн хуваарилалт нь зөв байхын нэр. Үндсэн хуулийн зорилго нь төрийн эрх мэдлээс хүний эрхийг хамгаалахад оршдог. Үүний тулд харилцан хяналт-тэнцэлтэй байлгаж, хэн нэгэн эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль бусаар хязгаарлаж, зөрчдөггүй байх ёстой. Нөгөө талаас хүн амьдралаа төлөвлөх боломжтой төрийг “эрх зүйт” хэмээн тодорхойлдог. Хүн эрхээ мэдэж байгаа тохиолдолд чамд дургүй төрийн албан хаагч, хэн ч байсан түүний өмнө чи хүчтэй гэдгийг Германд суралцаж, амьдрахдаа ойлгосон. Өөрөөр хэлбэл, ингэж амьдралөө төлөвлөх боломжийг эрх зүйт төр олгодог. Тиймээс ч 20 гаруйхан настай байхдаа Монгол Улс эрх зүйт төртэй болохын тулд алдаагаа засах ёстой хэмээн бичиж байсан. Одоо би 50 нас хүрэх гэж байна. Тэр алдааг засаагүй. Энэ хугацаанд бидний алдсан боломж ямар их гээч. Иймд одоо урагш харж энэ асуудлыг шийдэх ёстой. Үгүй бол үүний эсрэг ажиллах хар санаатан зөндөө байна. 1992 оны Үндсэн хуулийг тогтоосон хүмүүсийн хамгийн том гавьяа нь өөрөө өөрийгөө халах зохицуулалтгүйгээр хийсэн явдал юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн нэмэлт, өөрчлөлт оруулахаас бус, шинэчлэн найруулж болохгүй. Үүний цаана Ерөнхийлөгчийн засаглалтай, эсвэл хоёр танхимтай парламенттай болох гэсэн солиорол, хар сүнс амилах боломжийг хааж буй. Энэ бүхнийг төрийн эргэлтээр л хийх боломжтой. Эдгээрийг олон түмэнд ойлгуулах ёстой.    

Улстөрчдийн дур зоргыг хязгаарлах зайлшгүй шаардлагатай

Х.Сэлэнгэ (Үндсэн хуулийн хүрээлэнгийн захирал): -Тоглоомын онолын дагуу Үндсэн хуулийн дархлаа, хамгаалалтыг сайжруулж, улстөрчдийн дур зоргыг хязгаарлах зайлшгүй шаардлагатай. Нөгөө талаас Үндсэн хуулийг зөв ойлгож, хэрэгжүүлж, хөгжүүлэх хэрэгцээ бий. Үүний тулд төрийн албан тушаалтан болон улстөрчид, ялангуяа Үндсэн хуулийг хэрэгжүүлдэг гол субъектуудын хүрээнд Үндсэн хуулийн мэдлэг зайлшгүй шаардлагатай. Ингэж байж зөв хэрэгжүүлнэ.