Говь-Алтай аймгийн Цогт суманд байх Нарансэвстэйн боомт говийн их дархан цаазат газар хамаардаг. Бүр А бүсэд нь шүү. Тэнд говийн гайхамшиг гэгддэг мазаалай, хавтгай, хулан, хар сүүлт амьдрахын сацуу ховор нандин ургамлууд цогцлон ургадаг. Говийн их дархан цаазат газар БНХАУ-тай нийтдээ 460 км хиллэдэг. Тэр дундаа БНХАУ-ын Ганьсу мужтай 60 км хиллэдэг. Яг энэ бүс нь Говийн их дархан цаазат газрын А хэсэгтэй давхацдаг. Гэтэл бидний нүдний цөцгий мэт хайрлан, хамгаалах учиртай энэ л хэсэгт боомт нээж, зам тавина хэмээн хэсэг бүлэг нөхөд дээр дооргүй хөөрцөглөж байна.

Нарансэвстэйн боомтыг 1992 онд нээсэн ч хүн, машины хөлөөр зэрлэг амьтад дүрвэж, газрын доройтол ихээр үүсгэсэн учир хаасан байдаг. Үүнээс хойш уг боомтыг нээх асуудлыг дахин хоёр Засгийн газар судалсан ч экосистемд учрах эрсдэлийг тооцон шийдвэрээ өөрчилсөн юм. Гэтэл Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт уг боомтыг дахин нээх, сэргээх заалт хэдийн тусжээ. Монголын төр бодлогын залгамж халаагүй гэдэг нь үүгээр бат нот харагдаж байна.

Нарансэвстэйг нээх тухай асуудал Засгийн газрын “чихэнд” хүрэхэд Говь-Алтай аймгийн удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгчдийн үүрэг оролцоо нэн их байсан. 2022 оны зургаадугаар сард Говь-Алтай аймгийн ИТХ Нарансэвстэйн боомтыг сэргээх асуудалд санал нэгдэж, саналаа УИХ, Засгийн газарт хүргүүлсэн байдаг.

Тухайн үед Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан О.Амгаланбаатар “Нарансэвстэй бол баруун бүсийн хөгжлийн гарц. Улсын хилээс 500 метр өргөнтэй коридорыг тусгай хамгаалалтаас гаргаж, энэ дагуу 250 км автозам барьж БНХАУ-ын Ганьсу мужтай холбогдоно” гэх зэргээр ярьж, энэ ажлыг урагшлуулахад идэвхийлэн оролцсон. Өдгөө УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа ч Нарансэвстэйг дэмжсэн байр сууриа хэвлэлүүдээр илэрхийлсээр байгаа юм.

Энэ боомтыг нээснээрээ баруун бүс хөгжинө гэдэг юу л бол. Баруун бүсийнхэн нээгээгүй байгаа Нарансэвстэйн боомт битгий хэл одоо байгаа хэдийгээ ч бүрэн дүүрэн ашиглаж чаддаггүй. Говь-Алтай аймагт гэхэд Бургастайн боомт бий. Уг боомтыг хөгжүүлэх боломж нутаг орны удирдлагуудад бүрэн бий ч өнөөдрийг хүртэл бахь байдгаараа л байна. Тийм атал Нарансэвстэйг нээхээр шунахайлан зүтгэх шаардлага юунд байна вэ.

Хятадаас татаас авч, гар хөл нь болсон хэсэг бүлэг улс төрчид Нарансэвстэйн боомтыг нээж, зам тавих нэрийдлээр Талын мэлтсийн ордыг тусгай хамгаалалтын бүсээс гаргаж, алт олборлох нь гэх нутгийн иргэдийн таамаг биеллээ олох юм биш биз.

Хэрэв зээ Говийн Их Дархан цаазат газарт боомт нээж, зам тавьбал бид нэгдэн орсон олон улсын конвенцуудаа ноцтой зөрчинө. Нарансэвстэйг нээх шийдвэр нь өөрөө Монгол Улсын Үндсэн хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Амьтны тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Байгалийн ургамлын тухай хууль зэргийг ч зөрчиж буй. Хамгийн гол нь бид мазаалай, хавтгай зэрэг говийн гайхамшиг болсон амьтад, ховор нандин өвс ургамлыг өөрсдийн гараар үгүй хийх болно.