Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг дэмжин хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүнсний нэг чухал салбар болох мөөг үйлдвэрлэлийн талаарх асуудлын талаар салбарынхан нь сайдтайгаа зөвлөлджээ. Тэд мөөгний үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх үндэслэл боловсруулах, байгалийн мөөгийг зөв таньж, зохистой хэрэглэх соёлыг хэвшүүлэх, боловсон хүчнийг нь бэлтгэх зэрэг олон зүйлийг хөндсөн байна. Хүнсний мөөгний үйлдвэрлэл нь хөдөө аж ахуйн хаягдал бүтээгдэхүүнийг (сүрэл, модны үртэс, адууны хомоол, кофены шаар зэрэг) компост-хөрс болгон ашигладаг, хаягдалгүй технологитой үйлдвэрлэл гэдгийг энэ үеэр онцолж байлаа. Мөн Мөөгний хууль боловсруулах ажлыг эхлүүлэх, их, дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрт мөөг судлалыг нэмж оруулах, мөөгний эх омгийн лаборатори, жишиг үйлдвэр байгуулах, Монголд үйлдвэрлэсэн мөөгийг хүнсний жагсаалтад шинэ таримлаар нэмэх талаар нарийвчлан ярилцсан байна. Улмаар мөөгний салбарынхантай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, гарын үсэг зурах шийдвэрт хүрчээ.