НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Монгол Улсын хүний хөгжлийн илтгэл-2024” баримт бичгийг танилцууллаа. Энэ нь Монгол Улсад хүний хөгжлийн олон талт байдлыг үнэлж, дүн шинжилгээ хийх хүрээнд боловсруулан танилцуулсан долоо дахь тайлан юм.

Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска

Манай улс хүний хөгжлийн индексээрээ дэлхийн 193 орноос 0.741 үнэлгээгээр 96 дугаарт эрэмбэлэгдэж байна.

Энэ нь 1990 онтой харьцуулахад нийт 28 хувиар өссөн үзүүлэлт юм. Гэхдээ аливаа хүн амын дундаж наслалт, боловсрол, орлогын түвшинг үнэлдэг энгийн боловч цогц томьёоллоороо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эл индекс сүүлийн жилүүдэд саарч, 2016 оноос зогсонги байдалд орсныг Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска онцлов. Үнэхээр ч 1990 онд 0.579 оноогоор 92 дугаарт жагсаж эхэлсэн манай улс 2016 оныг хүртэл 0.735 болтол үнэлгээгээ ахиулж, найман байр урагшилсан байдаг. Харин үүнээс хойш өсөлт нь үндсэндээ царцаж, цар тахлын өмнөх хэмжээнд ч хүрч чадахгүй байгааг Хөгжлийн хөтөлбөрийн эдийн засагч Ясин Жанжуа дурдана лээ. Нарийвчилбал, монголчуудын насжилт, сургуульд сурах дундаж хугацаа богиносож, орлогын тэгш бус байдал өсжээ.

Жендерийн хөгжлийн индексээр өндөр үзүүлэлттэй орнуудын тоонд багтав

Хөгжлийн хөтөлбөрийн эдийн засагч Ясин Жанжуа

Хүний хөгжлийн олон талыг хэмжих шинэ хэмжүүрүүдийг нэвтрүүлэх замаар эл индексийг улам цогц болгож, ядуурал, тэгш бус байдал, жендэрийн ялгаа зэргийг жилээс жилд нэмж тооцож буй. Тухайлбал, тэгш бус байдлыг тооцсон хүний хөгжлийн индексийг боловсруулах болсон. Энэ нь орлого, боловсрол, дундаж наслалтын түвшинд хүн амын дунд хэр ялгаатай, тэгш бус байгааг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, ялгаа, тэгш байдал их байх тусам хүний хөгжлийн индекс буурна.

Манай тэгш бус байдлыг тооцсон хүний хөгжлийн индекс 13 хувь байгаа нь Тажикистан улстай ижил, Казакстаныхаас долоон хувиар өндөр байна.

Харин эрэгтэй, эмэгтэй хүний хөгжлийн индексийг харьцуулан тооцдог жендерийн хөгжлийн индексээр 1.032 үнэлгээ авч, өндөр үзүүлэлттэй орнуудын тоонд багтах болж. Гэхдээ манай эмэгтэйчүүд цөөнгүй хэлбэрийн ялгаварлан гадуурхалттай тулгарч, эрэгтэйчүүд боловсрол эзэмшиж буй байдлаараа энэ хүйсийнхнээс дутмаг байгаа гэх зэргээр шийдвэрлэх асуудлууд бас бий.

Агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөлийн хохирол 1.15 тэрбум ам.долларт хүрчээ

Тэгвэл энэ удаагийн илтгэлд шинээр оруулж тооцсон үзүүлэлт нь “эх дэлхийд үзүүлж буй дарамт”. Энэ нь улс орнуудын агаарын чанар, үүнээс шалтгаалсан өвчлөл, нас баралт, нэг хүнд ногдох хүлэмжийн хийн хэмжээ зэргийг харгалзан тооцдог үзүүлэлт аж.

Манай улс үүгээр олигтой “дүн” аваагүй нь хүний хөгжлийн индексээр бүхэлдээ буурахад ихээхэн нөлөөлсөн байна.

Тиймээс ч Улаанбаатар хотын хүүхдүүд гуурсан хоолойн үрэвсэлт өвчлөлт илүү өртөмтгий, хөдөө, орон нутгийн хүүхдүүдээс ийм төрлийн өвчлөлийн тохиолдлоор 5-15 дахин их байна, 2015 онд гэхэд 435 хүүхэд уушгины хатгалгааны улмаас нас барсан, 2018 оны байдлаар хатгалгаагаар нас барсан таван хүн тутмын нэг нь тав хүртэлх насны хүүхэд байсан гэх мэт сэтгэл сэртхийлгэм тоо, баримтыг уг илтгэлд тусгаж. Цаашлаад 2022 оны байдлаар Монгол Улсын орчны агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөлийн эдийн засгийн хохирол 1.15 тэрбум ам.долларт хүрч, нэг нас баралтад ногдох дундаж өртөг бараг 387 мянган “ногоон” болж, эдийн засгийн энэхүү ачаалал нь манай ДНБ-ий найман хувьтай тэнцэж байна хэмээн тооцоолжээ.

Нэг хүнд ногдох хүлэмжийн хийн хэмжээгээр 17 дугаарт бичигдэж байна

Нөгөө талаас цөөн хүн амтай манай улс дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын дөнгөж 0.12 хувийг ялгаруулж байгаа ч нэг хүнд ногдох хүлэмжийн хийн хэмжээ 11.2 тоннд хүрч, дэлхийд 17 дугаарт бичигдэж байна. Эдийн засагч Ясин Жанжуа үүнийг нэг монгол хүн өдөрт зургаан хайрцаг тамхи татсантай ижил хэмээн жишин тайлбарлана лээ. Ийнхүү бид дэлхийн дулаарлыг нэмэгдүүлэхэд нэрмээс болохын сацуу үр дагаврыг нь ч өөрсдөө амсаж байна.

Хүлэмжийн хийнээс гадна дахин нөхөн сэргээх боломжгүй ойн хомсдол 436 мянган га-д хүрсэн талаар энд дурджээ.

Энэ нь эрчим хүчний хэрэгцээнийхээ 90 гаруй хувийг нүүрсээр хангаж байгаатай холбоотой гэдэгт хэн хүнгүй санал нийлж буй. Тиймээс ч эл арга хэмжээний үеэр манай эрчим хүчний систем, засаглал, хямд хэрэглээ, хөнгөлөлт гэх мэт салбарын тулгамдсан асуудлын талаар онцлон хэлэлцсэн юм. Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн ашиг тус, энэ ажлыг хэрхэн бодитой хэрэгжүүлэх вэ гэдэгт төрийн болон хувийн хэвшил, олон нийтийн байгууллагын төлөөлөл санал солилцон, байр сууриа хуваалцав. Суурин төлөөлөгч Матилда Димовска “Монгол Улс шийдвэрлэх мөчид ирээд байна. Эрчим хүчний салбарын өнөөдрийн сонголт, шийдвэрүүд нь ирээдүй хойч үеийн сайн сайхан байдлыг тодорхойлно. Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилт нь нийгмийн тэгш бус байдлыг бууруулж, хүн бүрд хүртээмжтэй, эрсдэл даах чадвартай эдийн засгийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Энэхүү шилжилтийг тэгш, хүртээмжтэй байдлаар амжилттай хэрэгжүүлж чадвал Монгол Улсын тогтвортой хөгжилд чиглэсэн томоохон алхам болох юм” хэмээн онцоллоо.