УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Мал эмнэлгийн ерөнхий газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид ажиллажээ. Энэ үеэр Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, ерөнхий малын эмч, доктор А.Нарантуяа Мал эмнэлгийн салбарын өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлын талаар танилцуулж, санал солилцсон байна. Тус газар 43 ажилтантай, нийслэл, орон нутгийн 22 нэгжид үйл ажиллагаа явуулж байгаа ч хүний нөөцийн дутагдал тулгамдсан асуудал болсныг тэрбээр онцолж. Тухайлбал, 330 суманд 660 хүн ажиллах ёстой ч өнөөдөр 213 хүний сул орон тоо байгаа нь ажлын нөхцөл байдал хүнд, цалин бага байгаатай холбоотой гэнэ.  Хэдийгээр улсын хэмжээнд 2023 оны жилийн эцсийн байдлаар 1028 мал эмнэлгийн үйлчилгээний анхан шатны нэгжид 1500 орчим малын эмч ажиллаж байгаа ч нийт малын эмчийн 65 хувь нь 50-иас дээш насныхан байгаа нь залуус энэ ажлыг хийх сонирхолгүй болсонтой холбоотой аж. Олон улсын жишгээр нэг малын эмчид 10 мянган толгой мал ногддог бол Монголд нэг малын эмчид 50 мянган толгой мал ногдож буй юм байна.