Б.ЧОЙЖАМЦ

Монголын шигшээ багийн тамирчид 2027 онд Катар Улсад зохион байгуулагдах 19 дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн буюу ”AFC Asian Cup-2027”-д урьдчилсан шатанд тоглох эрхийн төлөөх плей-оффын эхний тоглолтоо энэ сарын 5-нд Индонезийн Бали аралд Зүүн Тиморын шигшээ багтай хийсэн. Тус тоглолтод Б.Гарьдмагнай дасгалжуулагч шигшээ багийг удирдаж оролцохдоо 4-1 гэсэн таагүй үр дүнтэйгээр эх орондоо буцаж ирсэн билээ. Хоёр багийн тоглолтын нэгдсэн үр дүнгээр илүүрхсэн нь урьдчилсан шатанд орох эрхээ авах юм. Хариу тоглолт буюу шийдвэрлэх тоглолтыг энэ удаа Монголын хөл бөмбөгийн холбооны зүлэг ногоон дэвжээн дээр маргааш буюу энэ сарын 10-ны 16.00 цагт эзэн орны хувьд хүлээж авахад бэлэн болоод байна. Шинэхэн дасгалжуулагчид жолоогоо атгуулаад удаагүй байгаа “Азийн хөх чононууд”-ын хувьд үзэгч, хөгжөөн дэмжигчдийнх нь уухайн түрлэг тэдэнд давуу тал болох юм. Уг тоглолт 3-0 гэсэн таагүй нөхцөлд эхлэх хэдий ч Зүүн Тиморын багийг хамгийн багадаа 4-0-ээр хожвол урьдчилсан шатанд орох эрхээ авч чадна.

Тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурлын үеэр Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Гарьдмагнай, тоглогч Х.Цэнд-Аюуш нар “Бид Индонезоос хүндхэн даалгавартай буцаж ирсэн. Өмнөх шатны тоглолтдоо хамгаалах тактиктай тоглосон бол энэ удаад довтлох тактик барина. Бүхий л нөөц бололцоогоо дайчлан тоглоно. Өөрийн талбай, өөрийн хөгжөөн дэмжигчид, сэтгэл зүйн тал дээр бидэнд илүү давуу байдал бий болж байгаа учир бүх хүчээ дайчлан хожлын төлөө хичээх болно. Хөлбөмбөгийн үзэгч, сонирхогчдоо өргөнөөр ирж биднийг дэмжихийг хүсье” гэлээ.

Хөлбөмбөгийн холбооны үзэгч орох хэсэг 15.00 цагт нээгдэх ба тасалбар 20,000 төгрөгөөр худалдаанд гарах юм байна. Тасалбарыг МХБХ-ноос шууд худалдан аваад орох боломжтой.