МУБИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, Түүхийн ухааны доктор (Ph.D), дэд профессор Ч.Болдбаатарын “1924 оны Монгол ард улсын Үндсэн хуулийг боловсруулах үйл явц, Монголчуудын байр суурь, санал, оролцоо” сэдэвт илтгэлээс “Үндсэн хууль бол хууль зүйн дээд хүчин чадалтай төрийн дээд хууль юм. Монгол Улсын Үндсэн хуулийн түүхнээ 1924 онд баталсан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндсэн хууль хүндтэй байр суурь эзэлдэг бөгөөд тэрхүү Үндсэн хуулийн төслийг боловсруулах бэлтгэл ажил, боловсруулах үйл явц, гадна, дотнын оролцооны талаар энд өгүүлэхийг зорив.
....1922 оноос Үндсэн хуулийн төслийг боловсруулах талаар Н.Магсаржавын комисс, Засгийн газрын цааз хуулийг эмхлэх хэлтсийн боловсруулсан ажил ба монголчуудын боловсруулсан эх сурвалжаас Б.Цэрэндорж, Т.Рыскулов нар ашигласан эсэх нь тодорхойгүй, чухам ашигласан болбоос юуг авч ашигласныг тодруулах нь нэн чухал юм. Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажил удааширч байсан гол шалтгаан Үндсэн хуулийн үзэл баримтлалын талаарх санал зөрөлдөөн юм. 1921 онд Богд Жибзундамба хутагтыг зөвхөн шашны хэргийг эрхлэн мэдэхээр тунхагласан ч Монгол Ард Улсын төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэсээр байсан тул энэхүү институтийн эрх мэдлийг шууд үгүйсгэх боломж байгаагүй юм. Большевикууд ч гэсэн Богд гэгээний улс төрийн хүрээн дэх нэр хүнд нөлөөг үгүйсгэж чадахгүй байсан бөгөөд 1924 онд Монгол дахь ЗСБНХУ-ын Бүрэн эрхт төлөөлөгчийн газрын “Мэдээлэл” сэтгүүлд “Богд гэгээн бол шашны салбарт, мөн улс төрийн салбарт ч нэгэн адил хэмжээгүй эрхт эзэн байна”14 гэж бичиж байв. Дээрх сэтгүүлд Богд хааныг нас барсны дараах нөхцөл байдлыг тодорхойлон бичихдээ “... Энэ оны намар хамаг Монголын хууль тогтоох байгууллага болох Ардын Их Хурал хуралдахаар завдан байгаа бөгөөд Монголын төрийн байгуулалтын асуудлыг нэг тийш болгож, Монгол улс бүгд найрамдах ёст улс байх уу, хаант засагт улс байх уу гэдгийг шийдвэрлэх явдал тус их хурлын нэг зорилт байх болно. Монголын олон нийтийн дэвшилт хэсгийнхэн бүгдээр улс орондоо бүгд найрамдах байгуулал тогтоохыг хүсэн сонирхож байгаа нь аяндаа илэрхий. Засгийн газар, намын нэр хүндтэй хүмүүсийн дотроос Цэрэндорж өвгөн Монголд бүгд найрамдах ёс тогтоох, тухайлбал ирээдүйн Богд гэгээний шашин төрийг хослон барих эрхийг хасах үзэл бодолтой байх шиг. Цаашилбал Гадаад явдлын яамны сайд Амар болон бусад зарим сайд нар оппортунист гэх үү, бараг хаант ёсны гэмээр үзэл бодол баримталж байна. Ринчино, Дамбадорж, бас бодвол япон Данзан нараар төлөөлүүлсэн эрс радикал үзэлтэй хэсгийнхэн шинэ Богд гэгээнийг тодруулан тунхаглах хүртэл жинхэнэ хэрэг дээрээ тэртэй тэргүй төрийн хэргийг шийтгэн явуулах бүгд найрамдах ёс тогтож байх болно гэдгийг харгалзан засгийн дээд эрхийн байгуулалтын тухай асуудлыг одоохондоо хөндөхгүй байхаар шийджээ”15 гэжээ. Цаг үеийн ийм нөхцөл байдлын улмаас Монголын сэхээтнүүд тухайн цаг үед хэмжээт цаазат хаант засаглал бүхий Үндсэн хуулийн төслийг санал болгож байсан юм. Харин 1924 онд Богд гэгээн таалал төгссөн нь Монголын улс төрийн амьдралд том өөрчлөлт авчирсан юм. 1924 оны зургаадугаар сарын 3-нд МАН-ын Төв Хорооны Тэргүүлэгч гишүүн Б.Цэрэндорж, С.Данзан, Ц.Дамбадорж, А.Данзан, Н.Жадамба, Д.Лосол, Э.Ринчино нар хуралдаж, нэгэнт Богд хаантан таалал төгссөн учир ардын эрхтэй улсын ёсонд нийцүүлэн бүгд найрамдах засгийг явуулбал зохих, үүнд Төв Хорооны бүгд хуралд хянан хэлэлцүүлбэл зохих тул даруй бүгд хурлыг хуралдуулахаар тогтжээ. Дөрвөн өдрийн дараа МАН-ын Төв Хорооны бүгд хурал хуралдаж, Төв Хорооны Тэргүүлэгчдийн шийдвэрийг бүрэн сайшааж “... да Жунтун хэмээх их ерөнхий даргыг сонгохгүй, улсын дээд эрхийг Улсын Их Хурлын дүрэм ёсоор тус хуралд хадгалж, хурлын чөлөө цагт Засгийн газраа хадгалах ба Бүгд Найрамдах Ард Улсын засгийг явуулах их баярыг зургаан сарын шинийн 6-ны өдөр улсын их баяртай хамтатган явуулах...”-аар16 тогтоожээ...” гэв.
Илтгэлийг бүрэн эхээр нь эндээс https://www.parliament.mn/nn/63452/ уншаарай.