ҮНДСЭН ЦАГ: МОНГОЛ 2:0 ЗҮҮН ТИМОР. ХАРАМСАЛТАЙ МЭДЭЭ...
Монгол Улсын шигшээ багийн тамирчид 2027 онд Катар Улсад зохион байгуулагдах Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд оролцох эрхийн төлөөх плэй-оффын тоглолтод Зүүн Тиморын багтай учраа таарсан. Хоёр багийн эхний учраа энэ сарын 5-нд Индонезийн Бали аралд болсон билээ. Тус тоглолтод Зүүн Тиморын баг 4:1 харьцаатай ялалт байгуулсан нь манай багт маш том “гэрийн даалгавар” болж эх орондоо ирсэн. Өчигдөр буюу энэ сарын 10-ны 16.00 цагт Улаанбаатар хотод, Монголын хөл бөмбөгийн холбооны зүлэг ногоон дэвжээнд “гэрийн даалгавар”-аа үзэгч, фанатууддаа шалгууллаа.
Шейх Ахмед Аладдин эрхмээр ахлуулсан Ливан улсын шүүгчдийн баг дэнсэлсэн тоглолтын эхнээс Б.Гарьдмагнай дасгалжуулагчийн тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр хэлсэнчлэн довтолж тоглолоо. Маш боломжийн. Тоглол эхлээд удаа ч үгүй долоо дахь минутад Дагинаагийн Төрбат гоолийн салхийг нээж, хаалганы торыг хөдөлгөөд амжив. Тоглолт эхлээд удаагүй байгааг ч хэлэх үү, үзэгчдэд найдварын оч гийж, цэнгэлдэх дүүрэн уухайлав. Монголын баг удаа дараалсан довтолгоо хийж багагүй боломжийг хийсгэсэн юм. Харин нөгөө талд Зүүн Тиморын баг цөөхөн хэрнээ зүрхний цохилт хурдасгах довтолгооныг үе үе хийсэн ч оновчтой болж чадаагүйгээс гадна манай шигшээ багийнхан ч үүргээ сайн гүйцэтгэлээ. Энэ байдал төдийлөн удаан үргэлжилсэнгүй. Тоглолтын 55 дахь минутад Амараагын Дөлгөөн тоглолтыг 2:0 болгож, нийлбэр дүн 4:3 болсноор Зүүн Тиморын баг хэрэг бишдсэнийг мэдрэн, хамгаалах тактикт шилжив. Монголын багт боломж олгохгүйг хичээж, байдгаа барсан тэд жүжиглэж, газар унаж цаг их барьж эхэлсэн юм. Монголчууд тэрийг нь мэдсэн аятай жүжиг тоглох боломжийг олголгүй Чингисийн морьт баатрууд шиг л үзэгчдийнхээ уухайн түрлэгт дэмнэгдэн, дайчин тоглож байлаа. Гэвч бөмбөг бөөрөнхий, тоглолтын агуулга хэний талд байх нь хамаагүй, үр дүн л бүхнийг шийднэ. Ерөнхий шүүгч тоглолтыг эцэслэж шүгэл үлээн, Зүүн Тиморын баг дараагийн шатанд шалгарснаар тоглолтын эцсийн цэгийг тавилаа.
Дараа жилийн наадам ч даан ч хол байна даа...