Сайн, муугаар яригддаг ч уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засгийн тулах цэг, тэлэх боломж байж ирсэн. Тиймдээ ч эдийн засгийн бүтцийг илүү өргөн агуулгаар харах, солонгоруулах эсэх нь ч яах аргагүй энэ салбартай холбогдож таардаг. Тэр дунд харьяандаа 30 гаруй компанийг нэгтгэсэн “Эрдэнэс Монгол” нэгдлийг байгуулсан нь улс орны ч уул уурхайн салбарын ч ирэх 20-30 жилийн өнгийг тодорхойлоход энэ байгууллагатай “ярих”-аас аргагүй болов.
“Эрдэнэс Монгол” нэгдэл өнгөрсөн жилийн яг өдийд замын зурагаа тодорхойлж, шинэчлэлийн эхлэл цэгээ танилцуулж байв. Ерөнхий зургаар харвал төр цомхон багаар мэргэжлийн ажиллах зарчим баримтлах, тооны хувьд цөөрөхөөс гадна агуулгаа өргөжүүлнэ. Үндсэндээ зөв механизмыг бүрдүүлж ТӨХК-иуд амбициа дарж, хамтын “дүрэм”-ээр тоглож эхэлснээ зарласан. Эцсийн дүндээ Монголчууд нэг бол олон жил дуншсан баялгийнхаа эзэн болно эсвэл олон талын эрх ашигт хүлэгдсэн чигээрээ өнгөрсөндөө үлдэх салаа замын уулзварт зогсож байсан нь саяхан. Харин тэр төрийн бодлого, иргэдийн итгэл найдвар “Эрдэнэс Монгол”-ын нуруун дээр тогтож буй нь өнөө ч хэвээрээ. Ний нуугүй хэлэхэд үр ашиггүй, том “толгой”-той гэж цоллуулдаг ТӨХК-иудын реформ хэрхэн үргэлжлэх, хүрэх цэг хаана вэ...
Цаас цуглуулж, хүн харж үнэлдэг төрийн худалдан авалтын тогтолцоог халж эхэллээ
Харин ТӨХК-иудын шинэчлэлээр төрийн худалдан авалтын нэгдсэн сан буюу онлайн худалдааны платформ амазон бий болгож, тендер шалгаруулалтыг хиймэл оюун ухаанаар хүний оролцоогүй болгох эхлэлийг уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр туршаад эхэлжээ.
Нэгдлийн реформыг Засгийн газрын түвшинд ярьж хэлэлцсэн ажлын мөрөөр Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нарын хүмүүс газар дээр нь ажиллав. “Эрдэнэт” үйлдвэр энэ оны долдугаар сарын 1-нээс хойш зарласан тендерүүдийг давхар хиймэл оюун ухаанаар үнэлээд явж байгаа. Үйлдвэрийн 300 гаруй хүн тендерийн үнэлгээний хороонд ажилладаг. Үйлдвэр жилд 1000 гаруй тендер зарладаг. Энэ бүхэнд хиймэл оюун ухаан ажиллаж процесс зэрэг явагдаж байгаа байгаа талаар тус үйлдвэрийн ерөнхий захирал Г.Ёндон мэдээлэл өгөхдөө “Хиймэл оюун ухаан нэвтрүүлснээр яваандаа үнэлгээний хорооны гишүүд оролцохгүй болно. Мэдээж Хяналт мониторингийн газар байж таарна. Дангаараа хиймэл оюун ухааныг сургаж, machine learning гэдгээ хийж арай гүйцээгүй байна. Программаа боловсруулчихсан. Тендерүүд дээр паралель үнэлгээ хийгээд явж байна. Өөрөөр хэлбэл, хүн яаж үнэлж байна, машин хэрхэн үнэлж байгааг харьцуулаад машинаа сургаж, хүндээ хяналт тавьж байна гэсэн үг. Одоо бол уламжлалт аргаараа хүнийхээ үнэлгээг голлож байгаа бол машинаа бүрэн гүйцэд сургаснаар хиймэл оюун ухаанаар үнэлнэ. Маргаан маш бага гарна гэж бид төлөвлөж байгаа. Энэ тохиолдолд хяналт мониторонгийн цөөхөн хүн ажиллана. 2025 оноос хиймэл оюун ухаант үнэлгээний системийг дахин танилцуулна. Тэр үед нэлээн боловсронгуй болно” гэлээ. Ийн төрийн худалдан авалтад хиймэл оюун ухаан нэвтрүүлэх хөгжүүлэлтийг үндэсний хэмжээний Чимэгэ системс хийж байгаа аж. Хууль эрх зүйн талаасаа Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Сангийн яам, Эрдэнэс Монгол нэгдэл зэргээр төрийн бүхий л байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Холбогдох журамд хиймэл оюун ухаан орчин үеийн технологийн дэвшлийг ашиглаж болно гэсэн заалт бий учраас эрх зүйн талаасаа хангалттай гэдгийг мөн онцлов. Хиймэл оюун ухаан хөгжүүлэхэд компьютер, серверийн хүчин чадалтай холбоотойгоор тулгамдсан асуудлууд гарсан ч тендерүүдээ зарлаад хөгжүүлэлтээ хийж байгаа. Үүнд үйлдвэрээс 5.6 тэрбумын хөрөнгө оруулалтыг хийжээ.
Хиймэл оюун ухаанаар нэг хуудас материалыг таван секунд боловсруулна
Технологийн шинэчлэлтэй холбоотойгоор “Эрдэнэт” үйлдвэр үл тасалдах тэжээлийн үүсгүүр батерей, хөргөлтийн систем, цахилгааны хэмнэлттэй ухаалаг дата төвтэй болж, тендер шалгаруулалтад хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглаж буйг бодитоор туршиж харуулахдаа “Тендерийн материалыг tender.gov.mn сайтаас автоматаар татаж өгөгдлийн хүснэгтээс шалгуур үзүүлэлтэд нийцэж байгаа эсэхийг харьцуулж, задалж үнэлдэг. “Чимэгэ” системс шаардлага хангасан гэж үнэлсэн бол яагаад, хангаагүй бол юун дээрээ алдсан гэдгийг нь дэлгэрүүлж орж харж болдог. Чимэгэ системс цаанаас ирүүлсэн датанд анализ хийгээд цэгцлээд өгчихдөг.Тендерт оролцогчдын материалыг хиймэл оюун ухаанд суурилсан байдлаар боловсруулж оролцогч бүрээр автоматаар үнэлнэ. Нэг хуудас материалыг ойролцоогоор таван секунд боловсруулж байна. Баримт, бичиг өгөгдлийн хүснэгтийг задалж тендерт оролцогчдод тавьсан шаардлагыг тодорхойлно. Ирүүлсэн материалын иж бүрдлийг тус бүрд нь ялган ангилж шалгаж үнэлнэ” гэдгийг Дата төвийн дарга М.Мөнхбаатар хэллээ. Түүнчлэн тендер шалгаруулах хурал зарлах, боловсруулах, хуралд оролцогчдын яриаг хөрвүүлж тэмдэглэл хөтлөхөөс эхлээд бүх шатанд хүний оролцоогүй ажиллах юм.
С.Наранцогт: Томилгоо, сонгон шалгаруулалт, худалдан авах ажиллагааг хүнээс хамааралгүй, үр ашигтай болгох ёстой
Ийнхүү “Эрдэнэт” үйлдвэрийн манлайллаар эхлүүлж буй төрийн өмчит компаниудын ээлжит томоохон шинэчлэл үргэлжилж 2026 оноос “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа компаниуд, 2027 оноос төрийн бүх худалдан авах ажиллагааг төрийн амазон, хиймэл оюун ухаанаар цэгцэлнэ гэдгийг нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт хэллээ. Тэрбээр “Уул уурхайн төрийн өмчит компани, томоохон үйлдвэрүүд өөрсдийн бодлого төлөвлөгөөгөөр ажиллаж ирсэн. Энэ нь төрийн зорьж буй томоохон зорилтыг биелүүлэхэд төдийлөн хангалтгүй байна гэж үнэлж “Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлага дор томоохон цогц реформыг эхлүүлсэн. Нэгдэл концепц, төлөвлөгөө, стратегитай. Цаашид Засгийн газраас баримталж буй бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, баялагтаа эзэн болох, баялгийнхаа үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бүх реформоо өнгөрсөн хугацаанд тодорхойлоод гарсан үр дүнг нь Засгийн газарт танилцууллаа. Хамтарсан Засгийн газрын үед цаашид хэрхэн хэрэгжих, ялангуяа томоохон төслүүдийн төлөвлөгөө тодорхой болсон.
Түмэндээ харагддаг төрийн өмч буюу засаглалын ил тод байдлыг тодорхой болгоно. Тэр дундаа олон нийтийн шүүмжлэлд их өртдөг хүний нөөцийн томилгоо, сонгон шалгаруулалт, худалдан авах ажиллагааг хүнээс хамааралгүй хардалт сэрдэлтгүй, үр ашигтай болгох ёстой. Энэ ажлыг “Эрдэнэт” үйлдвэрээс эхлүүлж хиймэл оюун ухаанд тулгуурласан цахим системийг нэвтрүүлж байгаа. Цаашид 2027 он гэхэд нэгдлийн хэмжээнд бүх компаниуд дээр хэрэгжиж дуусахаар төлөвлөсөн.
“Эрдэнэт” үйлдвэр институц, материаллаг баазын хувьд нэлээн бэхэжсэн учраас төрийн өмчит компаниудын реформыг манлайлж ажиллаж ирсэн. Мэдээллийн технологийн хувьд ч дата төв байгуулаад ажиллаж байна. Төрийн амазонд стандарт хангасан бараануудыг бүртгүүлж санал өгөөд худалдан авалтыг хялбар хөгжүүлэх чиглэлд илүү ажиллана. Энэ бүхэн үйл ажиллагаа, худалдан авалтыг ил болгож зардлыг бууруулах давхар ач холбогдолтой. Нэгдсэн платформд нэгдэж байж илүү үр өгөөжтэй, илүү хол, дэлхийн хөгжилтэй зэрэгцээд явах болно” гэдгийг хэллээ.
Мөн Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр энэхүү бодлого, шинэчлэлийг дэмжиж буйгаа илэрхийлж, засаглалын ил тод байдлыг сайжруулах ёстой. “Эрдэнэт” үйлдвэрийг олон нийтийн болгох, хөрөнгийн зах зээл дээр гаргах, ил тод байдлыг хангах ажлыг графиктайгаар хийж байгаа нь сайшаалтай. Ялангуяа, хиймэл оюун ухааныг хөгжүүлэх нь маш зөв. Бусад газруудад нээлттэй эх сурвалж маягаар ашиглуулж болно. Үүнд зарцуулж буй хөрөнгө оруулалтаа улсын хэмжээний ажил гэж бодох хэрэгтэй. Үр дүнд нь арын хаалга, хулгай, хардалт сэрдэлт алга болно. Монголын төр ямар нэг хардалт сэрдэлт, хулгайгаас бүрэн ангижрах суурийг эхлүүлж байна гэж ойлгож болно гэсэн байр суурийг илэрхийллээ.