Монгол оронд шинжлэх ухааны үндэслэлтэй жимс, жимсгэний салбар үүсэж хөгжсөний 70 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд Азийн бүс нутагт чацаргана болон бусад таримлын зах зээлийг хөгжүүлэх нь сэдэвт Олон Улсын эрдэм шинжилгээний хурал өчигдөр болж долоон орны төлөөлөл оролцсон билээ. Өнөөдөр ойн баярын хурал болж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нээж үг хэлсэн юм. Тэрбээр, Монгол Улсын жимс, жимсгэний салбарын хамт олонд ойн баярын мэнд хүргээд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлийг бууруулах, хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бие биенээсээ хамаарал бүхий харилцан уялдаатай  “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөн ”Хүнсний хангамж аюулгүй байдал” Үндэсний хөдөлгөөн, Эрүүл Монгол хүн Үндэсний хөдөлгөөнийг Төрийн тэргүүн У.Хүрэлсүх санаачилж тэдгээрийг улс орон даяар амжилттай хэрэгжүүлж байгааг цохон тэмдэглэлээ.

Хүнсний хангамж, аюулгүй байдал Үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын төсвийн 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2022-2024  онд 9 аймагт “Жимс жимсгэний үржүүлгийн төвийг байгуулж, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2023-2024 онд 18 аж ахуйн нэгжид 2.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон гэсэн юм.

Олон улсын эрдэмтэн судлаачид манай оронд алим, чавга, тоор, гүйлс, лийр зэрэг жимс нутагшин ургах боломжтой гэдгийг тодорхойлж, бүс нутгийн уур амьсгалд тохирсон таримлын шинэ сорт гаргах, тариалалт, үржүүлгийн дэвшилтэт арга технологи нэвтрүүлэх ажлыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг онцоллоо.

Монгол Улс 2030 он гэхэд жимсний тариалалтыг 20.0 мянган га талбайд, ургацын хэмжээг 30.0 мянган тонн-д хүргэх томоохон зорилт тавьсан. Төрөөс хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, санал санаачилгыг дэмжиж байж төр хувийн хэвшлийн хамтын түншлэлийн хүрээнд тодорхойлсон зорилтдоо хүрэхээр төлөвлөж байгааг мэдэгдлээ.

Монгол Улс хүн амын жимс, жимсгэний хэрэгцээний гурван хүрэхгүй хувийг дотоодоос хангаж, үлдсэн хувийг импортоор авч байгаа аж. Тиймээс салбарын хөгжлийг цаашид түргэтгэх, эрчимжүүлэх, хүн амын хүнс, эрүүл мэндийн хэрэгцээ шаардлагыг хангасан дотоодын жимс, жимсгэнийг тариалах шаардлага үүсэж байна. Цаашид эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, боловсон хүчнийг нэмэгдүүлэх зайлшгүй хэрэгцээ бий болоод байгаа юм.