1924 онд баталсан анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож буй. Үүнийг тохиолдуулан өнгөрсөн баасан гарагт “Монгол Улсын Үндсэн хуулийн 100 жилийн товчоон” бага хурал болж, манай Үндсэн хуулиуд цаг үеийн шаардлагаар хэрхэн хувьсан өөрчлөгдсөн талаар салбарынхан нь ярилцав. Монголд үйл ажиллагаа явуулж ирсэн Германы Фридрих-Эбертийн, Конрад-Аденаурын болон Ханнс-Зайделийн сангаас зохион байгуулсан эл хурлын үеэр “Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн тогтвортой байдал” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүн, хуульч Х.Тэмүүжин, Монголын хуульчдын холбооны Үндсэн хуулийн эрх зүйн хорооны тэргүүлэгч гишүүн В.Удвал, хуульч, судлаач Д.Үүрцайх, Үндсэн хуулийн хүрээлэнгийн захирал Х.Сэлэнгэ нар панелистаар оролцон, байр сууриа илэрхийлсэн юм. Хөтлөгчийн тавьсан асуултад тэд хэрхэн хариулсныг цувралаар хүргэж байна.
Цаашид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар бол ямар чиглэлээр шинэчилж, сайжруулах нь зүйтэй вэ?
Үндсэн хуульд социалист агуулгатай нэр томьёо олон байна
Х.Тэмүүжин (УИХ-ын гишүүн, хуульч): -Би энд улстөрчийн үүднээс яриагүй. Гурван зүйл хэлмээр байна. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн академик судалгааг түрүүлж хөгжүүлэхгүй бол зарим нэр томьёоны хүрээнд хүчтэй маргаан өрнөж эхэлж байна. Жишээ нь, Үндсэн хуульд “төрийн хууль” гэж заасныг хэрхэн ойлгох вэ. Үндсэн хуульт байгууллаараа ард түмэн, иргэд саналаа өгч сонгоод, сонгосон төлөөллөөрөө дамжуулан хууль батлаад, тэр хуулиар нь Засгийн газар, төр амь орох гэж оролдож байгаа. Үндсэн хуульд ийм социалист агуулгатай нэр томьёо зөндөө байна. Үүнээс гадна шүүх, Дээд шүүхийн бүрэн эрх, шүүхийн үндсэн зохион байгуулалт, тогтолцооны талаар нэрлэж болно. Шүүхийн үндсэн тогтолцоо нь сум дундын болон аймаг, дүүрэг, нийслэлийн шүүхээс бүрдэнэ гээд засаг, захиргааныхаа нэгжээр шүүхийнхээ бүтцийг биччихээр бид шүүхийн анхан, давах, хянах гэх мэтчилэнгээ ажиллаж байгаа системээ яаж тайлбарлаж, хамгаалж, баталгаажуулах вэ. Энэ мэтээр Үндсэн хуулийн зарим нэр томьёо нь Үндсэн хуульт байгууллын үзэл санааны эсрэг байвал үүнийг зоригтой өөрчлөхөөс аргагүй. Үндсэн хуулийн цэцэд үүссэн 23 маргаанд би оролцоод байна. Тэр үеэр яригдсан нэг зүйл нь юу вэ гэвэл “Монгол Улсын Үндсэн хуульд эрх мэдэл хуваарилах зарчим байхгүй” гэж тайлбарлаж, ярьсан Цэцийн гишүүн байна. Засаглалын хяналт-тэнцэл нь энэ байна гээд гогдож, татах зүйл байхгүй учраас академик эрх чөлөөнийхөө хүрээнд шинжлэх ухааны тайлбаруудаа хичээл дээр онол болгон заахдаа хуульчдын толгойд үүнийг хүчээр чихэж байгаа. Энэ мэтээр Үндсэн хуулийн амин сүнс болсон утга агуулгуудыг гаргаж ирэх гэхээр зарим нэр томьёо нь өөр зүйл илэрхийлж байгаа нөхцөлд үүнийг сайжруулахаас өөр арга байхгүй.
Гэхдээ сайжруулах гэж байна гээд “нүдийг нь сохлохгүйн” тулд Үндсэн хуулийн үл хөдлөх заалтуудаа одоо нэгдсэн байдлаар ойлголцож, баталгаажуулах ёстой. Ингээгүй тохиолдолд Үндсэн хуульд эрх мэдэл хуваарилалтын зарчмыг алдагдуулж байгаа нэмэлт, өөрчлөлт оруулах, эсвэл Үндсэн хуулийг тайлбарлаж байгаа Цэцийн шийдвэрүүдэд эдгээр зарчим алдагдвал яах вэ. Үүнийг зогсоох шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар, эсвэл Үндсэн хуулийн өөрийн хүч хэр байгаа вэ гэдгийг дахин ярилцах хэрэгтэй.
Сүүлийн 30 жилд хуулийнхныг зовоож байгаа бас нэг асуудлыг хэлье. Шүүх, шүүгчтэй өрсөлддөг прокурорын системийг бид задалж чадахгүй байна. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэг байгууллага гээд Үндсэн хуульд заачихсан учраас тэд шүүгчийн цалинг нэмсэн ч барьцаж, шүүх эрх мэдлийг сайжруулах гэхээр тээг болдог. Гэтэл үүний гол үндэс нь Үндсэн хуульд бий. Энэ мэтээр шийдлээ хүлээж байгаа асуудал олон байна. Үүнийг шийдэхэд дутагдаж байгаа хоёр зүйл нь юу вэ гэхээр үе үеийн улстөрчдөд Үндсэн хуулийн тухай нэгдсэн ойлголт бүрэн суугаагүйгээс “Эрх мэдэлтэй байвал ямар ч тохиолдолд Үндсэн хуулийг завхруулж болно” гэдэг хүч чадал хаа нэгэн газар бөөгнөрдөг. Жишээ нь, өөрсдөө популизм хийсээр байгаад Үндсэн хуульд “давхар дээл”-тэй холбоотой заалт оруулчихаад хоёр жил бололгүй буцаад “Бид Засгийн газарт орж ажилламаар байна” гээд, Үндсэн хуулийн цэцийг ашиглах замаар дахин нэмэлт, өөрчлөлт оруулан, хийсэн зүйлээ нураасан. Улстөрчдийн ийм “тоглолт”-ыг зогсоож чадах механизм Үндсэн хуульд байна уу гэдэг нь сорилт болж байна. Би бол Үндсэн хуулийг юу юугүй өөрчилье гэдэг үзэл санаатай хүн биш. Гэхдээ эрх мэдэл хуваарилсан, иргэний үндсэн эрхийг хамгаалсан, ардчилсан Үндсэн хуулийн байгууллыг тодотгон бэхжүүлдэг заалтуудыг яаж Үндсэн хууль, өөрт нь дархлаа болгон суулгах вэ гэдэгт зоригтой шийдэл хийх цаг нь болсон. Ингэхгүй бол гурван нам хамтран Засгийн газар байгуулж, парламентад ийм олон суудал нэг намаас гарах хэмжээний эрх мэдэл төвлөрч байхад Үндсэн хуулийн байгуулал нь өөрөө эрсдэлд унаж магадгүй.
Үндсэн хуулийн зарчмыг улстөрчдөд ч, иргэдэд ч хүргэж чадахгүй байна
В.Удвал (Монголын хуульчдын холбооны Үндсэн хуулийн эрх зүйн хорооны тэргүүлэгч гишүүн): -Үндсэн хуулийн зарчмыг улстөрчдөд ч, иргэдэд ч хүргэж чадахгүй байна. Онолын хувьд ард түмэн Үндсэн хуулийг заавал мэдэх албагүй, зохицуулалт нь иргэдээ хамгаалдаг байхад л болно гэдэг. Иймд энэ чиглэлээр цаашид ажиллах хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрийн хамгаалалтын талаар Х.Тэмүүжин гишүүнтэй санал нэг байна. Уг нь ийм зохицуулалтыг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг 2010 онд батлахад оруулсан. Үүнтэй холбоотой гаргасан Цэцийн шийдвэр шинжлэх ухааны онол, номлолоос зөрсөн тал бий. Үндсэн хуульд сүүлд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиа өөрчилж байгаад л гар хүрсэн. Ийм байдлаар цааш явбал хамгаалж чадахгүй учраас Үндсэн хуульд өөрт нь тусгах боломж байгаа юу гэдэг талаас нь харах хэрэгтэй. Үүнтэй холбоотойгоор хэлэхэд Үндсэн хуулийн цэц бол шүүх мөн, биш гэж маргалдахаа болих ёстой. Цэц бол шүүх мөн. Харин манайхтай төстэй Үндсэн хуулийн шүүхтэй улс орнуудын хуулийн зохицуулалтыг харж, анхаарах шаардлагатай. Манай Үндсэн хуулийн гуравдугаар бүлэг буюу төрийн эрх мэдэл бүхий байгууллагуудын эрх хэмжээтэй холбоотой зохицуулалтыг дийлэнхдээ өөрчилж ирсэн. Энэ нь оновчтой биш. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулж чадахгүй байна. Үндсэн хуулийг битгий өөрчлөөсэй гэж судлаач байхгүй болов уу. Хөгжлийн явцад бүх зүйл өөрчлөгдөж болно. Гэхдээ Үндсэн хуулийн үзэл санаа, зарчмыг бэхжүүлэх, Үндсэн хуулийн онол, зүй тогтлыш үл зөрчих нэмэлт, өөрчлөлтийг л хийгээсэй.
2023 оны нэмэлт, өөрчлөлтийг дутуу хийхэд Ерөнхийлөгч болон Цэцийн гишүүд нөлөөлсөн
Д.Үүрцайх (хуульч, судлаач): -2019, 2023 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах явцад ялангуяа судлаачдад нэгдсэн ойлголт үүссэн. Цэцийн гишүүний хараат бус байдлыг сайжруулж, зөвхөн нэг удаа есөн жилээр томилох, үндсэн эрхийн маргааныг хэлэлцэх, хүний эрх зөрчсөн шүүхийн шийдвэрийг хянуулах замаар байр суурийг нь бэхжүүлье, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг тодорхой болгох гэх мэтээр ярьсан ч эхэнд хийсэн алдаанаас болоод урагшлахгүй байна. Одоо зоригтой шийдэл гаргаад, ирэх 30 жилийг алдахгүйн тулд өдгөө шинээр бүрдсэн парламент үүнийг хийх ёстой. Сая дурдсан асуудлуудаас гадна УИХ-ыг тараах саналыг Ерөнхий сайд гаргаж, түүнийг нь Ерөнхийлөгч тодорхой хугацааны дотор шийдэн, тэр хооронд Ерөнхий сайдыг шинээр томилбол үүнтэй холбоотойгоор гаргасан Төрийн тэргүүний шийдвэр хүчингүй болох гэх мэт харилцан хяналт-тэнцэл хэрэгжүүлэх зарчмаа тусгах цаг болсон. Үүнийг хийгээгүйгээс болж Цэц Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалыг зөрчсөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хянана гээд шийдчихээр ямар ч хязгаалалтгүй УИХ Үндсэн хуулийн цэцийн болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд “Үүнийг Цэц хянахгүй” гээд оруулчихаж байгаа юм. Мөн 100 мянган хүн санал гаргасан асуудлыг УИХ хэлэлцэх зохицуулалтыг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд оруулсан. Гэтэл тухайн асуудлаарх хууль тогтоомжийн төслийг хэн нэгэн санаачилж, өргөн барих ёстой. Энэ мэтээр УИХ-ын эрх мэдлийг хязгааргүй болгож байна. Эдгээрийг нэг мөр шийдэхгүй бол Үндсэн хуулийн тогтвортой байдал алдагдана. Мөн улс төрийн нам байгуулахын тулд сонгогчдын нэг хувь нь эвлэлдэн нэгдсэн байхыг шаардаж буй зохицуулалт нь эвлэлдэн нэгдэх эрхийг ноцтойгоор хязгаарласан, ардчилсан, парламентат ёсны суурь зарчмыг алдагдуулсан зарчмыг өөрчлөхөөс аргагүй. Буруу, дутуу өөрчлөлт нь Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулах нөхцөл бүрдүүлж байна. Иймд түвшин бүртээ ойлголцлоо нэгтгэн, зөв замдаа орох ёстой. Бид дугуй зохиох шаардлагагүй. Дэлхийн орнуудын алдаа, сургамжийг аваад цааш явах хэрэгтэй.
2023 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа зарим зүйлийг дутуу орхисонд Ерөнхийлөгч болон Цэцийн гишүүдийн зүгээс нөлөөлсөн гэж үздэг. Мөн 1992 онд алдаагүй Үндсэн хууль баталсан гэж үзэн хамгаалдаг ахмадуудын нөлөө байсан. Бас “Би яаж ялах вэ” гэсэн ашиг сонирхлоо улс, ард түмний эрх ашгаас дээгүүр тавьсантай холбоотой.
Хатуу Үндсэн хууль руу шилжих ёстой
Х.Сэлэнгэ (Үндсэн хуулийн хүрээлэнгийн захирал): -Манай Үндсэн хууль уян хатан шинж чанартай учраас ойр ойрхон нэмэлт, өөрчлөлт оруулж байна. Яваандаа хатуу Үндсэн хууль руу шилжих ёстой. Яагаад гэвэл, улстөрчид засаглалын хэлбэрийг өөрчилж, Ерөнхийлөгчийн, эсвэл хоёр танхимтай парламенттай болгох хэрэгтэй гэж ярьдаг учраас зарим хязгаарлалтыг Үндсэн хуульд оруулах шаардлагатай. Үндсэн хуулийг хамгаалах механизмыг чангатгах хэрэгтэй гэсэн үг. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн хяналтыг сайжруулах ёстой. Тухайлбал, үндсэн эрхийн маргааныг Цэц шийдвэрлэх боломжийг хуулиар олгох нь зүйтэй. Мөн улстөрчдийн эрх мэдлийг хязгаарласан зохицуулалт Үндсэн хуульд байхгүй. Иймд үүнийг зайлшгүй тусгах ёстой. Жишээ нь, эдийн засгийн хөгжилтэй холбоотой зохицуулалт манай Үндсэн хуульд нэлээд хомс. Үүнтэй холбоотойгоор өртэй холбоотой асуудлыг улстөрчид дур зоргоороо шийддэг. Гэтэл гадаадын улсуудын Үндсэн хуульд “Нийтийн санхүү” гэсэн бие даасан бүлгийг тусгаж, эдийн засгийн хөгжлийн бодлогоо тодорхойлохоос гадна улстөрчдийн эрхийг хязгаарласан заалт оруулдаг. Тухайлбал, өрийн хэмжээ ДНБ-ий 50-60 хувиас хэтрэхгүй байх гэх мэт зохицуулалт бий. Гэтэл манайд байхгүй, замбараагүй шийддэг. Энэ нь улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Ийм маягаар үндсэн өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай болохоос бус, хэлбэр төдий өөрчлөлт хэрэггүй.
Үргэлжлэл бий.