Айл бүрийн цахилгааныг асааж өгдгийг нь бодвол баярлаж, бахадмаар ч унтах эрхгүй 24 цаг эргэдэг хариуцлагатай, халширмаар алба бол эрчим хүчний салбарынхан. Тэд халуун хөнжлөөсөө босохгүй бол, хариуцлага алдвал нийслэл бүхэлдээ харанхуйлж их хотын “зүрх” зогсоно. Муугаар бодож түнэр харанхуй нөмөрвөл 1.5 сая хүнд чухам юу тохиолдохыг хэн ч төсөөлөхгүй. Түр зуур цахилгаан тасалдахад хэдэн айл бэлэн, лаа шүдэнзтэй, хэдэн эмнэлэг нөөц аппараттай байгаа бол гэж бодож зүрхлэмгүй.
Гэвч олон жил гаднаа гяланцаг мэт харагдаж “гал” унтрааж ирсэн эрчим хүчний салбар энэ удаад тартагтаа тулж, тамир тэнхээ нь тасрахад нэгэнт бэлэн болжээ. Өөрөөр хэлбэл, өвлийг “аргалж” давах аргагүй болсныг өвгөрч муудсан, өр зээлэндээ идэгдсэн, эрэг шураг нь элэгдэж ганхсан, эргэж сэргэхэд бэрх болсон дулааны станцууд, өдөрт хэдэн арваараа ажлаасаа халширч, аюул эрсдлээс зугтаж буй инженер техникийн ажилчдын үнэлэмж, үнэн төрх хэлээд өгч байна. Үндсэндээ нийслэлчүүдийг дулаацуулах зүтгүүрүүд зогсохдоо тулжээ.
Ийн эрчим хүчний салбар ангалын ёроол руу хурдацтай уруудаж буйг улстөрчид, экспертүүд, “гал тогоо”-нд нь ажиллаж буй хэдэн мянган ажилчдаас эхлээд дээд, доод бүх түвшиндээ хүлээн зөвшөөрч, ойлгож ухамсарласны дохио бол төрийн тусгай обьект Дулааны III цахилгаан станцын хаалгыг хэвлэлийнхэнд “нээсэн” явдал юм. Алсаас аварга том уурын тэрэг мэт харагддаг энэ станцын дотор чухам ямар “нууц” байдгийг, эрчим хүчний салбарт юу тохиолдоод буйг эргэж харах, эргэцүүлж тунгаах үүрэг иргэн нэг бүрт оногдож байна.
Өнгөрсөн 30-40 жил эрчим хүчний салбарыг улс төрийн оноо авах хэрэгсэл, сонгуулийн шоу болгож төрийн нэрээр “халамжилж” ирсэн нь өнөөдөр үндэсний аюулгүй байдлын түвшинд хүртлээ яригдаж харанга дэлдэж эхэлснийг нуух аргагүй болжээ. Төрөөс үнийг хатуу барьсан, дулааны станцуудын тоног төхөөрөмж, шугам сүлжээнүүдийн ашиглах хугацаа аль хэдийнэ дуусч акт тогтоосон, салбарын мэргэшсэн боловсон хүчин жилд хэдэн зуугаараа ажлаасаа гарч байгаа. Салбарын хэмжээнд сүүлийн 40 жилд нэг ч том эх үүсвэр бариагүй, дорвитой төсөл хэрэгжүүлээгүй. Бүхий л үйлдвэр төрийн мэдлийнх болсноос Монгол Улс цахилгаанаар хараат, гэрэл цахилгаанаа хязгаарлаж хотоороо хөлдөхдөө тулсан. Ерөнхий зургаараа улс орны хөгжлийн чөдөр тушаа нь эрчим хүчний салбар болсныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болж. Үүний ганцхан жишээ бол 1000 гаруй хүнийг ажлын байраар хангаж байгаа ч битүү тоос, шороо, эвдэрч муудсан тоног төхөөрөмжөө засаж аргацааж хэзээ бүр мөсөн зогсох бол, дэлбэрэх бол гэсэн байнгын түгшүүр, айдас дунд ажиллаж буй Дулааны III цахилгаан станц юм. Зөвхөн энэ станц зогсоход хотын 30 хувь хөлдөнө.
АЮУЛЫГ СӨРЖ АРГАЦААЖ, “МОНГОЛЧИЛСОН” МОНГОЛЧУУД
Хэрэглэгчдийг найдвартай,тасралтгүй дулаан цахилгаанаар хангах үүрэгтэй цахилгаан станцуудын насжилт, үйлдвэрийн хугацаа дуусч 10-30 жил болсон ч аргацааж, “монголчилж” ажиллуулсаар байгаа нь хачирхалтай. Дулааны III цахилгаан станцын гурван зуух, найман турбин генераторын ажиллах норм хэтэрч, 40-55 жил улайстлаа зүтгэж байна. Турбин генераторууд 220 мянган цагаас дээш ажиллаж хэзээ мөдгүй зогсоход бэлэн болсон. Үйлдвэрийн тогтоож өгснөөр 439-560 градусын халуунд 220 мянган цаг буюу 30 жил ажиллах нормтой ч 10-20 жил илүү ажиллаж байгаа нь хугацаа дууссан барааг 10-20 жил хэрэглэсээр л буйтай агаар нэг юм. Түүнчлэн Дулааны IV станц, Дархан, Эрдэнэтийн станц мөн л ижил зовлонтой. Гэтэл нөгөө талд иргэдийн цахилгаан, дулааны хэрэглээ өдөр өнгөрөх тусам өсөн нэмэгдэж ачааллыг улам өрдөж буй. “Аваар ослоос сэргийлж өөрсдийн хэмжээнд засвар үйлчилгээ байнга хийдэг. Гэвч нэгэнт үйлдвэрийн хугацаа дууссан учраас хэзээ аваар осол гарахыг хэлж мэдэхгүй. Өвлийн ид ачаалалтай үед зуухнуудын халаах гадаргуу хагараад явахгүй. Тиймээс эрчим хүчний хязгаарлалт хийхээс аргагүйд хүрнэ” гэдгийг инженерүүд хэлж байна.
Хэрэв дулааны станцууд хөлдвөл төвийн шугам сүлжээ задарна, станцуудын тоног төхөөрөмж эвдэрч сүйдээд эргэж засварлаж сэргэхгүй. Нэг зуух зогсоход 100 мянган айлын гэрэл шууд унтарна. Ийм үед бид 50-70 градустай халуун зуух руу ороод гэмтлээ засна шүү дээ. Эцэст нь нийгэмд ямар аюул, эрсдэл тулгарахыг хэлж таашгүй. Өнгөрсөн 30-40 жилийн хугацаанд Улаанбаатарт хэчнээн өндөр барилга байгууламж баригдав. Гэтэл хамгийн чухал салбараа хайхрахгүй хаялаа гэж байв.
Үүнээс гадна ажилчдын орчин нөхцөл, авдаг цалин гавихгүй. Бусад улс оронд цагаан халадтай ажиллаж байхад манайд битүү тоос, шороо, хир тортог, дуу чимээ, 50-60 хэмийн халуун гээд хүнд хортой нөхцөлд тооцогддог ч хуульд заасан “тусгай” нэмэгдэлгүй. Нуулгүй хэлэхэд гар дээрээ сая хүрэхгүй төгрөгийн цалин авдаг хүмүүс дулааны станцад олон. Тиймээс шинээр хүн ирж ирэх нь ховор. 2-3 жил ажиллачихаад амьдралаа бодоод хувийн хэвшил рүү явчихдаг аж. Жилд 100-200 хүн ажлаасаа гарч байна. Ихэнх нь уул уурхайн компаниуд руу цалин мөнгөө бодоод явчихдаг. Боль гэх арга байхгүй” гэдгийг компанийн удирдлагууд хэлж байна.
ТЭГВЭЛ ТӨР ЮУ “БОДОЖ” БАЙНА ВЭ
Эрчим хүчний салбарын алдагдлыг харвал 2009 онд 59 тэрбум, 2020 онд 88,1 тэрбум, 2022 онд 187,4 тэрбум, 2024 онд 203 тэрбумд хүрчээ. Цахилгаан, дулаанаа үйлдвэрийн өртгөөс 50 хувь хямд борлуулдгаас ийм алдагдалтай ажиллаж ирсэн нь засвар шинэчлэл хийх, цалин мөнгө нэмэхээс эхлээд олон зүйлд саад тээг болж, хөгжлөөс хойш татаж ирсэн байна. Эрчим хүчний салбар ингэж тартагтаа тулж, эрсдэл учирвал эргэж сэргэх боломж хомс байгаад төр засаг ямар бодлого шийдэл, гарц гаргалгаа олж харсныг Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуунаас тодруулав. Тэрбээр “Засгийн газраас Шадар сайдаар ахлуулсан Эрчим хүчний салбарт шинэчлэл хийх Үндэсний хороо байгуулагдаж, бодлогын шинэчлэлүүдийг хийхээр ажиллаж байна. Бодлогын шинэчлэлийн нэг нь эрчим хүчний үнэ тарифийн шинэчлэл юм. Үүнийг бид суурь шинэчлэл гэж харж байна. Бид олон жил үнэ тарифаа өртгөөс бага үнээр зарснаас болж эрчим хүчний салбар хүнд байдалд орсон. Нөхцөл байдал хүндэрснийг нууж хаах юм байхгүй. Цаашид ийм байдлаар явж болохгүй нь ойлгомжтой болсон. Эрчим хүчний хэрэглээ 2030 онд 3330 мВт болж, эрчим хүчний чадлын дутагдал 55 хувьд хүрнэ. Цаашид энэ салбар ашигтай ажиллахгүй бол хөрөнгө оруулагчид орж ирэх сонирхолгүй байна. Эрчим хүчний станцуудыг нүүрсээр хангадаг Багануур, Шивээ-Овоо, Шарын голын уурхай нийт 493 тэрбум төгрөгийн өр төлбөртэй, алдагдалтай ажиллаж байна.
2024 онд эрчим хүчний салбар 355 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллалаа. Сая татаас байдлаар улсын төсвийн тодотголд 131 тэрбум төгрөг орж ирснээр алдагдлын дүн 224 тэрбум болсон. Хэрэв үнэ нэмэхгүй бол алдагдлын хэмжээ улам өснө. Бид зөвхөн үнэ нэмэх төдий биш, эрчим хүчний үнийг үйлдвэрлэж буй өртгөөр борлуулдаг болох зорилго тавьсан.
Өнөөдөр нэг кВт/цаг цахилгааныг дунджаар 280 төгрөгөөр үйлдвэрлээд, дунджаар 216 төгрөгөөр зарж байна. 29.6 хувиар нэмж, 280 төгрөг болгох санал гаргаж байна. Дулааны тариф өнөөдөр 33862 төгрөг байгаа бол бодит өртөг нь 62960 төгрөг болж, үүний зөрүүгийн хэмжээний алдагдал хүлээж байна.
Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүч хэрэглэгч 788 мянган айл өрх байна. Бид айл өрхийн хэрэглээн дээр ялгавартай үнэ тарифыг мөрдөх гэж байна. Өөрөөр хэлбэл, хэрэглээнээс хамаарч үнэ тариф өөр өөр байх юм. Сард 150 кВт/цагаас бага эрчим хүч хэрэглэдэг айл өрх 351 мянга байгаа бөгөөд энэ нь нийт хэрэглэгчийн 45 хувь болж байна. Гэр хорооллын хэрэглээ багатай айл өрх, орон сууцанд амьдардаг өндөр настнууд хэрэглээ багатай өрхүүдийн бүлэгт багтаж байна. Тэдгээрийн өрхийн цахилгааны үнэ тарифыг 29.6 хувиар нэмэгдүүлье. Энэ зөвхөн Улаанбаатар хотод мөрдөгдөх үнэ тариф юм. 150 хүртэл, 150-300, 300кВт-аас дээш гэж хэрэглээгээр нь ангилж, их хэрэглэх тусам өндөр үнэ төлдөг шатлалтай болгох гэж байна. Бага хэрэглэдэг бол арай багыг төлдөг зохицуулалтад шилжинэ.
Олон улсад хоёр л зарчим байдаг. Их хэрэглэдэг нь их төлдөг, бага хэрэглэдэг нь бага төлдөг. Эсвэл их хэрэглэдэг нь их, бага хэрэглэдэг нь их төлдөг гэсэн хоёр л сонголт байдаг.
Монгол Улс эрчим хүчний дутагдалд орсон энэ үед дараагийн эх үүсвэр орж ирэх хүртэл бид хэмнэлтийн горимд орох зайлшгүй шаардлагатай. Урьдчилсан байдлаар ийм хувилбарыг ярьж байна. Гэхдээ албан ёсны шийдвэр болж хараахан гараагүй байгаа. Эрчим хүчний салбар зах зээлийн зохицуулалтдаа шилжвэл хөрөнгө оруулагчид орж ирнэ. Шинэ эх үүсвэрүүд баригдана, станцууд одоо ашиглаж буй хуучисан тоног төхөөрөмжүүдээ шинэчлэх боломж бүрдэнэ” гэлээ.
Энэ тооцооллоор бодвол 50 ам.метр талбайтай орон сууц бүхий 4 ам бүлтэй дундаж өрх сард дунджаар 220 кВт/цаг цахилгаан хэрэглэж, 36220 төгрөг төлж байна. Шинэ тарифаар дунджаар 15 мянган төгрөг нэмэгдэж, 52 мянган төгрөг төлөхөөр байна. Дулааны хувьд сард 42 мянган төгрөг гардаг. Хоёр дахин нэмснээр 84 мянган төгрөг болно.
Түүнчлэн 2022 онд ААН-үүдэд хэрэглээнээс хамаарч 5000кВт/цаг хүртэлх хэрэглээтэйг 14 хувиар, 5000-аас дээшхийг 28 хувиар, уул уурхайн салбарынхны тарифыг 38 хувиар нэмсэн. Одоо бол ААН-үүдийн хэрэглээнд 5000кВт/цаг гэсэн босго тавихгүй үнэ тарифыг жигд нэмэгдүүлж байна. Эрчим хүчний үнэ тарифыг үйлдвэрлэсэн өртөгт нь хүргэх гол зорилго тавьж байна. Ямар ч ашиг тооцоогүй гэдгийг албаны хүмүүс тодотголоо.