Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж буй. Төслийн хүрээнд 2.206 нэгж талбарыг нөхөх олговортойгоор чөлөөлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 76 хувьтай үргэлжилж байна.

Энэ талаар НЗД-ын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул “Чингэлтэй дүүрэгт 13 га газар, Сүхбаатар дүүргийн арван га газраас Сэлбэ дэд төвийн ажил эхэлж байна. Өнөөдрийн байдлаар бэлтгэл ажлыг хангаж, нүхэн жорлонг ариутган, барилгын хогийг цэвэрлэж байна. Ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн бүхий 12 мянган айлын иж бүрэн орон сууцны цогцолбор хорооллыг барих санхүүгийн болон зураг төслийн бэлтгэл ажлыг хангаж байна. Чөлөөлсөн газрын 60 хувьд нь орон сууц, 40 хувьд нь зам талбай, ногоон байгууламж хийнэ” гэв.

Энэхүү төслийн төлөвлөлтийг “20 минутын хот” зарчмыг баримталж, цогц байдлаар хийхээр зорьж байгаа юм. Ингэснээр иргэдэд төрийн үйлчилгээ ойртож, агаар болон хөрсний бохирдол буурч, автомашины түгжрэлийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдэж чадах юм.