Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэсний бахархал, ая хөгийн яруу дуурьсалт морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгох тухай зарлиг гаргасан. Зарлигт “Морин хуур хөгжмийн зэмсгийн урлал, үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, хөгжмийн зэмсэг урлаачдыг бэлтгэх” заалт туссан юм. Үүний хүрээнд Ерөнхийлөгч өнөөдөр “Эгшиглэн” морин хуур хөгжмийн үйлдвэрт ажиллаж, морин хуур урлаачидтай уулзан морин хуур үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжийг ярилцлаа.
Улсын хэмжээнд морин хуурын 15 орчим урлан, 60 гаруй урлаач бий бөгөөд жилд 3000 орчим морин хуур үйлдвэрлэх хүчин чадалтай гэнэ. Ерөнхийлөгч дээрх зарлигийг гаргаснаас хойш морин хуур хөгжмийн эрэлт хоёр дахин нэмэгдсэн байна. Морин хуур үйлдвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг нь аж ахуйн нэгжийн түвшинд хүргэн хөгжүүлэхийн тулд санхүүжилтийн хөнгөлөлттэй нөхцөл бүрдүүлэх, төрөөс бодлогоор дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг морин хуур урлаачид онцоллоо. Ерөнхийлөгчийг дагалдан “Эгшиглэн” үйлдвэрт ажилласан Боловсролын яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн удирдлагууд нөхцөл байдалтай танилцаж, төрөөс үзүүлэх дэмжлэг, хамтын ажиллагааны боломжуудын талаар санал, мэдээлэл солилцсон юм. Цаашид морин хуур урлах үндэсний арга, технологи, мастер урлаачдын ур чадварыг өвлүүлэн үлдээх, шинэ үеийн морин хуур урлаачдыг бэлтгэх, салбарын хүний нөөцийн асуудал тулгамдаж байгааг Морин хуур урлаачдын холбооны тэргүүн Б.Баярсайхан энэ үеэр хэллээ. Морин хуурын мэргэжлийн урлаачийг бэлтгэхэд 5-10, мастер урлаачийг бэлтгэхэд 15-20 жил зарцуулдаг гэдгийг “Эгшиглэн” хөгжмийн үйлдвэрийн захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Байгалжав онцлов.
Дээрх зарлигт ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт морин хуурын тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэх заалт туссан. Энэ чиглэлд Боловсролын яамнаас ажлын хэсэг гарган ажиллаж буйг Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал тэмдэглэв. Түүнчлэн Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвд мужааны мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг морин хуур урлалаар мэргэшүүлэх боломжийг судалж, хамтран ажиллахаар боллоо.