Монголбанкны Мөнгөний бодлогын хороо энэ сарын 10, 13-ны өдрийн ээлжит хурлаараа бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 10 хувь болгохоор шийдвэрлэв. Мөн банкуудын төгрөгийн эх үүсвэрийн заавал байлгах нөөц (ЗБН)-ийн хувь хэмжээг 2 нэгж хувиар нэмэгдүүлж, 10 хувьд хүргэх, бодлогын хүүгийн коридорыг бодлогын хүүгээс +2, -2 нэгж хувьд тогтоож өргөн болгох, банкны заавал байлгах нөөц тооцох сууриас хасаж тооцож буй зарим төрлийн эх үүсвэртэй холбогдох шийдвэрийг хүчингүй болголоо.
Жилийн инфляц өнгөрсөн 8 дугаар сард улсын хэмжээнд 6.5, Улаанбаатар хотод 6.2 хувьтай гарсан. Эдийн засгийн идэвхжил нэмэгдэн дотоодын болон импортын бараа, боловсролын үйлчилгээний үнэ хүлээлтээс давж өсөж буй. Төсвийн тодотголын нөлөөгөөр ирэх онд дотоод эрэлт тэлж, мөнгөний бодлогын хатуу төлөв үргэлжилж, худалдааны түнш орнуудын инфляц бага, валютын ханш харьцангуй тогтвортой хадгалагдахаар байгаа тул инфляц дунд хугацаанд зорилтын интервалд тогтворжихоор байна гэж тэд үзжээ. Гэхдээ өргөн барьсан төсвийн төсөл батлагдаж, томоохон дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг гадаад эх үүсвэрээр санхүүжүүлж чадахгүй тохиолдолд төлбөрийн тэнцэл, инфляцад дарамт учруулах эрсдэлтэйг Төвбанкнаас онцоллоо. Инфляц зорилтот интервалд тогтворжихоор байгаа тул санхүүгийн нөхцөлийг сулруулж, дунд хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих зорилгоор Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулах шийдвэр гаргасан байна.