Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны анхдугаар хурал боллоо. Тус хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж байгаа юм.  Хурлаар Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын талаар өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, өнөөгийн нөхцөл байдал, үндэсний орон сууцжуулалтын бодлого, хот төлөвлөлт, бүтээн байгуулалт, ипотекийн зээл бусад арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Манай улсын нийт өрхийн 30 хувь нь орон сууцанд, 70 хувь нь инженерийн дэд бүтэцгүй байшин хороолол, гэрт амьдарч байна. Үүнээс Улаанбаатар хотод 273,736, аймгийн төвд 144,308, сумын төвд 295,775 өрх орон сууцгүй байна.

Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангаар дамжуулан иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд 2025 оны нэгдүгээр сарын 15-ны өдөрт багтааж дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг  Засгийн газрын холбогдох гишүүд болон Үндэсний хорооны гишүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа.

Үүнд:

-       Үндэсний орон сууцжуулалтын тухай хууль болон орон сууцжуулалтын бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн баримт бичгүүдийг нэгтгэн боловсруулж, УИХ-д өргөн барих,

-       Иргэдийг орон сууцжуулах, залуу гэр бүлийг дэмжих бодлого, стратегийн зураглал, төлөвлөгөө боловсруулах, Ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоог шинэчилж, эх үүсвэрийг нэмэгдүүлэх төлөвлөгөө гаргах,

-       Амины орон сууц болон ногоон орон сууцны стандарт, жишиг загвар, баталж, хэрэгжүүлэх, амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлж, шаардлагатай зохицуулалт хийх,

-       Үндэсний орон сууцжуулах төлөвлөгөө хэрэгжүүлэхэд шаардлагатай цахилгаан, дулаан хангамжийн эх үүсвэр нэмэгдүүлэн, шугамын өргөтгөл хийх төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх,

-       Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, газар чөлөөлөх, аймаг орон нутагт дэд бүтэц байгуулах төлөвлөгөө боловсруулж, танилцуулах зэрэг үүрэг даалгавар өглөө.